ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТ

Hypertension

Цусны даралт ихсэлт гэж юу вэ?

Эх сурвалж: heart.org

Зүрх агшин биеийн эд эрхтэн рүү цусаа шахах үед судасны хананд үзүүлж буй хүчийг цусны даралт гэдэг.

Хэд хэдэн удаагийн хэмжилтээр дээд даралт 130, доод даралт 80 мм муб-аас дээш байхыг цусны даралт ихсэлт гэнэ. Хэрэв даралт бууруулах эм ууж байгаа бол даралт хэмжих үед хэвийн байсан ч даралт ихсэлттэй гэж үзнэ.

Цусны даралт ихсэлт нь анхдагч болон хоёрдогч, эмнэлгийн буюу цагаан халадны, далд буюу хуурамч даралт ихсэлт гэсэн хэд хэдэн хэлбэртэй.

Гэрт болон 24 цагийн турш цусны даралтын хэмжилт хийхэд даралт хэвийн мөртлөө эмнэлэгт ирсэн хэмжилтээр даралт их байгаа тохиолдлыг цагаан халадны даралт ихсэлт гэнэ.

Харин эсрэгээрээ эмнэлгийн нөхцөлд даралт хэмжилтээр даралт хэвийн ч гэрийн нөхцөлд болон 24 цагийн хэмжилтээр даралт 130/80 -ээс их байхыг далд буюу хуурамж даралт ихсэлт гэнэ.

Цусны даралт ихсэлтийн шалтгаан нь тодорхойгүй ч нөлөөлөх хэд хэдэн хүчин зүйл байдаг. Эрсдэлт хүчин зүйлсийг бүхэлд нь засагддаг болон засагддаггүй гэсэн хоёр бүлэгт хуваадаг.

ЗАСАГДДАГГҮЙ ЭРСДЭЛТ ХҮЧИН ЗҮЙЛС

ГЭР БҮЛИЙН ТҮҮХ БУЮУ УДАМШИЛ: Эцэг эхээс үс, нүдний өнгө үр хүүхдэд удамшдагтай адилхан цусны даралт ихсэх өвчин удамшдаг. Хэрвээ эцэг эх, ойрын цусан төрлийн хүмүүсээс харьцангуй залуу насандаа эрэгтэй 55, эмэгтэй 65 наснаас өмнө зүрх судасны өвчин эсвэл тархинд цус харвасан бол удамших хандлагатай.

НАС: Нас ахих тутам цусны даралт ихсэх хандлагатай болдог. Энэ нь судасны уян хатан шинж чанар алдагдсантай холбоотой байдаг.

ХҮЙС: 50 хүртэлх насны эмэгтэйчүүд цусны даралт ихсэх эрсдэл эрэгтэйчүүдээс бага байдаг. Энэ нь эмэгтэйчүүдийн өндгөвчнөөс ялгарах эстроген хэмээх даавар хамгаалах нөлөөтэй байдагтай холбоотой. Гэвч цэвэршсэний дараа тэрхүү хамгаалах нөлөө үгүй болдог тул эрэгтэй, эмэгтэй хүмүүст цусны даралт ихсэх эрсдэл ойролцоо болдог.

ЗАСАГДДАГ ЭРСДЭЛТ ХҮЧИН ЗҮЙЛС

ХӨДӨЛГӨӨНИЙ ХОМСДОЛ:

Хөдөлгөөний хомсдол нь цусны даралт ихсэх эрсдэлийг нэмэгдүүлнэ. Биеийн жин болон цусны даралтын түвшин нь хоорондоо шууд хамааралтай. Биеийн өөхний хэмжээ их байх нь цусны даралт ихсэх хүчин зүйл болдог. Идэвхитэй дасгал хөдөлгөөн нь зүрх судасны үйл ажиллагааг сайжруулж даралт ихсэхээс сэргийлнэ.

БУРУУ ХООЛЛОЛТ:

Өөх тос, сахар, давсаар баялаг, илчлэг ихтэй хоол хүнс нь цусны даралт ихсэх эрсдэлийг нэмэгдүүлнэ. Ялангуяа хоолны давсыг хэтрүүлэн хэрэглэх нь цусны даралтыг нэмэгдүүлж, цусны даралт ихэсгэх томоохон хүчин зүйл болдог. Жимс ногоогоор баялаг тослог багатай сүү сүүн бүтээгдэхүүн, өөх тос багатай бүтээгдэхүүн нь цусны даралтыг бууруулна.

АРХИНЫ ХЭРЭГЛЭЭ:

Архийг хэтрүүлэн уух нь тархинд цус харвах эрсдэлт хүчин зүйлсийн нэг болдог. Мөн архи нь цусны даралт буулгах эмийн нөлөөг сулруулна. Архины хэрэглээг хязгаарлахад цусны даралт үлэмж хэмжээгээр буурдаг болох нь батлагдсан.

ТАМХИНЫ ХЭРЭГЛЭЭ:

Тамхинд агуулагдах хорт бодис судасны ханыг гэмтээснээр судас хатуурч уян хатан чанар алдагдана. Улмаар цусны даралт ихсэх эрсдэлт хүчин зүйл болдог.

СТРЕСС БУХИМДАЛ:

Стресст өртөхөд судас нарийсч цусны даралт ихсэнэ. Мөн стрессийн нөлөөгөөр хоолны дэглэм алдагдах, хорт зуршлын хэрэглээ ихсэх зэрэг шууд бус байдлаар цусны даралт ихсэхэд нөлөөлдөг.

Даралт ихсэлтийн үед:

  • Толгой өвдөх,
  • Шилэн хүзүү хөших,
  • Толгой дүйнгэтэх, толгой эргэх,
  • Дотор муухайрах,
  • Нүд бүрэлзэх …зэрэг шинж тэмдэг илрэх боловч шинж тэмдэг илрэхгүй байх нь элбэг.

Өөрөөр хэлбэл цусны даралт ихсэлтийн үед зовиур илрэхгүй байх тохиолдол их учраас даралтыг тогтмол хянаж байх шаардлагатай., хүн цусны даралт ихэсч буйгаа мэдэхгүй байх тохиолдол маш их. Тиймээс цусны даралт ихсэлтийг “чимээгүй алуурчин” хэмээн нэрлэсэн.

Холбоотой мэдээлэл