ДАВСНЫ ХЭРЭГЛЭЭ

Давс гэж юу вэ?

ДАВСНЫ ХЭРЭГЛЭЭГЭЭ ХЭРХЭН БАГАСГАХ ВЭ?

Та хоолондоо давс нэмдэг, мөн давсархаг зүйл идэх дуртай бол мэдээжийн хэрэг давсаа багасгах эхний үед түүнийгээ үгүйлнэ. Яагаад гэхээр таны хэлний амтлах мэдрэмж давсанд хэтэрхий дассан байдаг. Тийм болохоор та эхний үедээ аль болох давс султайдуу хоол хүнс хэрэглээд үзэх хэрэгтэй.

Гэхдээ бидний хэлний амтлах мэдрэмж нэг сарын дараа гэхэд өөрчлөгдөж, та давсгүй хоол хүнсийг амтархан иддэг болно.

Магадгүй давс таны хэлний амтлах мэдрэмжийг бууруулж, бусад хоолны амтлагчийг нарийн ялгаж, мэдрэхгүй байсан байж болох юм. Таны амтлах мэдрэмж тодорхой хугацааны дараа дасан зохицож, давсгүй хоол хүнсийг илүү таашаан үздэг болно. Зарим хоол хүнс давс их хэмжээгээр агуулдаг ч гэсэн шорвог амтагддаггүй. Давс их хэрэглэх тусам хүний хэлний амтлах мэдрэмж буурдаг бөгөөд хэр их давстай бүтээгдэхүүн хэрэглэж байгаагаа мэдрэхээ болиод цаашлаад улам давс багатай мэт санагдаж хоол, цайндаа нэмж давс хийж иддэг зуршилтай болдог. Давс бага, давсгүй хоол хүнс хэрэглээд эхлэхээр хүний амтлах мэдрэмж сайжирдаг болохоор урьд нь идэж байсан хоол хүнс давс ихтэй юм шиг мэдрэгдэж эхлэнэ.
Давс ихтэй хүнсний бүтээгдхүүний хэрэглээг багасгана. Лаазалсан мах, шууз, давсалсан , утсан загас, европ бяслаг, утсан мах, хиам, нөөшилсөн ногоо, давсалсан амттан (самар), чипс, бэлэн гоймон хэрэглэхээс татгалзах нь зүйтэй.

Давс ихээр агуулдаг хүнсний бүтээгдэхүүн

Гадуур хооллох үедээ тогооч, зөөгчид давс багатай хоол идэх сонирхолтой байгаагаа хэлээрэй. Ялангуяа ресторануудад зарагдаж байгаа пицца маш их давстай байдаг. Яагаад гэвэл давсалсан бяслаг их ордог, дээрээс нь нэмээд давс цацдаг. Лаазалсан загас, давслаг амтлагч болох жан, цуу, гич, улаан лоолийн сүмс зэргийн хэрэглээг хязгаарлана.
Хоол чанах, амтлахдаа ургамлын гаралтай амтлагч хэрэглэ. Сонгино, Сармис, Цагаан гаа, Халиар, Жууцай, Лаврын навч, Гоньд, Яншуй, Чинжүү, Хүнхээл, Мангир, Таана, Нимбэг гэх мэт бусад төрлийн ногоон өнгөтэй амтлагч байж болно. Хоол идэхдээ эхэлж амталж үзээд, давс нэмэхгүй байх нь зүйтэй. Хатаасан жимс, ногоо, давслаагүй самар зэрэг давс бага агуулсан амттанг хэрэглэ. Үнэхээр давс багатай, давсгүй хоол идэж чадахгүй бол кали, магниар баяжуулсан давс хэрэглэж болно. Гэхдээ мөн л зөвлөсөн хэмжээний дотор гэдгээ мартаж болохгүй.