Эх сурвалж: heart.org

ХҮҮХЭД ХОНОГТ ДАВСЫГ ЯМАР ХЭМЖЭЭТЭЙ ХЭРЭГЛЭХ ЁСТОЙ ВЭ?
12 хүртэл сартай хүүхдэд маш бага хэмжээний давс хэрэгтэй. Бүр өдөрт нэг граммаас ч бага байх ёстой. Хөхүүл хүүхэд эхийн хөхний сүүнээс яг өөрт нь зохистой хэмжээгээр давс авдаг. Харин хүүхдийн сүүн тэжээлд эхийн хөхний сүүнд агуулагддаг хэмжээтэй ойролцоо хэмжээгээр давс агуулагддаг. Хүүхэддээ хуурай хоол хүнс өгч эхлэхдээ давс нэмэх хэрэггүйг байнга санаж байх хэрэгтэй. Учир нь тэдний бөөр давсыг гадагшлуулж чаддаггүй. Давс их хэмжээгээр агуулдаг утсан мах, хиам, европ бяслаг зэрэг хүнсийг хүүхдэд өгөхгүй байхыг хичээх хэрэгтэй.
Мөн нялх хүүхдэд зориулаагүй, давс их хэмжээгээр агуулагдах магадлалтай өглөөний бэлэн хуурай хоол, соус зэргийг хүүхдэд өгөхөөс зайлсхийгээрэй. Худалдан авч буй хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах давсны хэмжээг шалгаж байх хэрэгтэй. Учир нь хүүхдэд зориулсан хүнс ч гэсэн давс агуулсан байдаг. Тийм учраас хүнсний бүтээгдэхүүний шошгон дээрх мэдээллийг уншиж, аль болох давс бага агуулсныг нь сонгож байхыг хичээгээрэй.
Давстай жигнэмэг, чипс зэрэг амттанг хүүхэддээ худалдан авч өгөх тоогоо цөөрүүлэхийг оролдоод үзэх нь зүгээр. Тэдгээрийн оронд хатаасан жимс, хэрчсэн ногоо, жимс жимсгэнэ өгвөл зохистой. Нэмэлт давсгүй хоол унд идэж ууж заншихад тийм ч удаан хугацаа шаарддаггүй. Харин ч таны амтлах мэдрэмж сайжирч, тухайн хоол хүнсэнд байгаа бусад амтлагчийг илүү сайн мэдэрдэг болно. Ихэнх хүн, мөн хүүхдүүд хоногт хэрэглэх давсны хэмжээг зөвлөсөн хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэдэг. Тийм болохоор та, өөрийн хүү болон охиныхоо хэрэглэсэн давсны хэмжээг тооцоод үзэх нь зүгээр шүү.
Хүүхдүүд хэрэв давсаа хэтрүүлэн хэрэглэж байгаа бол тэдний эрүүл мэндэд ирээдүйд сөрөг нөлөө үзүүлнэ. Мөн тэдний амтлах мэдрэмжид нөлөөлж, цаашдаа давстай хоол идэх зуршилтай болно. Давс ихтэй хоол хүнс идэх нь тэднийг ирээдүйд даралт ихсэх, цаашлаад зүрхний шигдээс, тархинд цус харвах өвчинд өртөх магадлалыг нэмэгдүүлж байна. Хоногт хэрэглэх давсны нийт хэмжээ нь хүүхдийн наснаас хамааран өөр өөр байдаг. Үүнд:
-
1-3 настай хүүхэд – хоногт 2 грамм давс буюу 0,8 грамм натри
-
4-6 настай хүүхэд – хоногт 3 грамм давс буюу 1,2 грамм натри
-
7-10 настай хүүхэд – хоногт 5 грамм давс буюу 2,0 грамм натри
-
11 ба түүнээс дээш настай хүүхэд – хоногт 6 граммаас бага давс буюу 2,4 грамм натри байх нь зохимжтой гэж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага тогтоожээ.
Хүүхдийн анхны нэмэгдэл хоол (6 сартайгаас)-ыг бэлтгэхдээ бантан, каш, зутанд нь давс нэмэх, давстай цай, хярам өгөх зэргээр давсны амтанд дасгаж, улмаар давсгүй цай ууна гэдэг ойлголтыг насан туршидаа төсөөлөх чадваргүй болгочихдог. Түүгээр ч үл барам хүүхдийн өсөлт хөгжил хэвийн явагдахад чухал үүрэгтэй, үл орлогдох уураг, амин хүчил, кальциар баялаг, илчлэг өндөртэй сүү, тараг, ааруул, ээзгий зэрэг бүтээгдэхүүнийг хүүхдэд авч өгөхийн оронд чипс, давсалсан самар, хиам, зайдас, пицца, түргэн хоол зэрэг давс ихтэй бүтээгдэхүүн өгч хооллолтын буруу дадлыг бага насанд бий болгодог. Тиймээс хүүхдүүд насанд хүрэгчдийн нэгэн адил давс ихтэй хоол хүнс хэрэглэж байна. Хүүхэд ба өсвөр насны үеийн хоолны зуршил нь хожимын амьдралынх нь хооллох хэв маягт нөлөөлдөг.
Иймд давсны их хэрэглээ нь хүүхдүүдийн хөгжилд нөлөөлж насанд хүрсэн хойноо цусны даралт ихсэх, яс сийрэгжих, гуурсан хоолойн багтраа, ходоодны хавдар зэрэг өвчнөөр өвдөх эрсдлийг бий болгодог.
ДАВСНЫ ИЛҮҮДСЭН ХЭРЭГЛЭЭ
Давс хүний биед маш чухал боловч хүний илүүдэл хэмжээгээр орох үед таргалах, артерийн даралт ихдэх, үүнтэй холбоотой тархины цус харвалт, зүрхний шигдээс, ясны сийрэгжилт, бөөрний чулуу, ходоодны хавдар үүсэхэд нөлөөлдөг байна. Биед давс хэтрүүлж хэрэглэснээс натри ихсэхэд шээсээр ялгарах кальцийн хэмжээ мөн ихэсдэг байна. Ингэж бөөрөөр кальцаа их хэмжээгээр алдсанаар ясны сийрэгжилт үүсч, яс амархан хугардаг. Давс усыг өөртөө татаж байдаг. Давс ихтэй хоол цай идсэний дараа хүний ам их цангадаг. Энэ нь биед орсон давс усыг өөртөө татаж байна гэсэн үг. Үүний улмаас хүмүүс нэмээд давстай сүүтэй цайгаа өөрийн мэдэлгүй уугаад байдаг аж.
Ингэснээр судсаар урсах шингэн буюу цусны хэмжээ ихсэн, судсанд агуулагдах хэвийн хэмжээнээсээ давдаг учраас судасны хананд учруулах цусны даралт ихэсдэг.
Энэ нь яваандаа артерийн судасны ханыг хатууруулж, уян хатан чанарыг алдагдуулан, артерийн даралт ихсэх өвчтэй болдог байна. Өөрөөр хэлбэл судасны хана хэврэгшиж, хагарахад амархан болж байна гэсэн үг. Нарийхан судсаар цусыг шахах гэж зүрх маш их ачаалалтай ажилладаг. Ингэснээр зүрхний булчин томрон хатуурч, булчингийнх нь цусан хангамж буурдаг.
Хүмүүсийн хоол хүнсэндээ давсыг хэрэглэх хэрэглээ нь огцом өссөн бөгөөд үүний үр дүнд дараах өвчнүүдийг тусах магадлал улам ихэсчээ.
Цусны даралт ихсэх: Хэвийн даралттай хүмүүстэй харьцуулахад даралт ихтэй хүмүүс гурав дахин их давс хэрэглэдэг болохыг судлаачид нотолжээ.
Тархинд цус харвах: Давс их хэрэглэснээр судсаар урсах цусны хэмжээ ихсэн, судасны хананд учруулах цусны даралт ихэсдэг. Энэ нь яваандаа артерийн судасны ханыг хатууруулж, уян хатан чанарыг алдагдуулдаг ба тархинд цус харвах шалтгаан болно.
Зүрхний шигдээс, зүрхний дутагдал: Хоолны давсыг удаан хугацаанд их хэмжээгээр хэрэглэснээс судасны хана зузаарч артерийн даралт ихсэж, улмаар зүрхний дутагдалд хүргэдэг байна.
Давсны хэрэглээг хязгаарлаж багасгаснаар цусны даралт багасч,үүний улмаас таны наснаас үл хамааран зүрх судасны өвчин үүсэх, цус харвах эрсдэл буурна. Хэрэв цусны даралт өндөр бол давс бага хэрэглэснээр таны даралт дөрвөн долоо хоногийн дараагаас буурч эхэлнэ. Энэхүү эерэг үр дүнг харахын тулд хоолныхоо давсыг жаахан багасгаад үзэхэд гэмгүй. Мөн давс бага хэрэглэснээр таны хэлний амтлах мэдрэмж сэргэн, хоол хүнсний жинхэнэ амтыг мэдрэх болно.