ДАВСНЫ ХЭРЭГЛЭЭ

Давс гэж юу вэ?

ИЛ БА ДАЛД ДАВС

Бидний идсэн давсны ихэнх нь гэртээ хийсэн хоолонд биш, харин худалдан авдаг талх, хиам, дарсан өргөст хэмх, кетчуп, европ бяслаг, лаазалсан бүтээгдэхүүн, чипс, самар зэрэг олон хүнсэнд агуулагддаг гэдгийг мартаж болохгүй. Хүнсэнд зориулан бэлтгэсэн давс нь нянгийн үржил эсэргүүцэх чадвартай байдаг тул 10-15 хувийн давсны агууламж бүхий зүйл нянгийн үржлийг зогсоодог. Тиймдээ ч лаазалсан бүтээгдэхүүнд давсыг заавал ашигладаг байна. Эдгээр нь бүгд таны хэрэглэж буй далд давсны хэрэглээ юм. Бидний хоногт хэрэглэж буй давсны 3/4 орчим нь “далд” буюу хүнсний бүтээгдэхүүнд агуулагдсан давс, 1/4 нь “ил” буюу хоол хүнс бэлтгэхдээ нэмж хийдэг давс байдаг. Өдөр тутам хэрэглэдэг олон бүтээгдэхүүн давсны агууламж өндөртэй буюу “далд” давс ихтэй. Харин Та өөрийн гараар хоол, цайндаа халбагадан хийж байгаа буюу нүдэнд харагдаж байгаа давс нь ил давсны хэрэглээ болно. Хоол, цайгаа давс багатай иддэг ч хачирт нь даршилсан, нөөшилсөн ногоо, амтлагч нэмж хэрэглэвэл таны өдрийн давсны хэрэглээ өөрт мэдэгдэхгүйгээр нэмэгдсээр байдаг гэсэн үг юм.
Тэгвэл хүн хоногт хэдий хэмжээний давс хэрэглэдэг юм бэ? Насанд хүрсэн хүн хоногт 5г граммаас бага буюу 1 цайны халбага хүрэхгүй давс хэрэглэхэд л бие махбодод хангалттай гэсэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж байдаг.

Энэ хэмжээнээс илүүдэх аваас эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлж болно. Өнөөдөр насанд хүрсэн Монгол хүний хоногийн дундаж давсны хэрэглээ 7.1 гр. Харин Улаанбаатарчуудын давсны хэрэглээ судлаачийн дүгнэснээр дээрх зөвлөмж хэмжээнээс хоёр дахин их буюу 11,7 гр, зарим аймагт гурав дахин их буюу 15,4 гр байгаа бөгөөд нийт хүн амын 83 орчим хувь нь 5 граммаас их давс хэрэглэж байгаа гэсэн судалгаа гарчээ. Хүйсээр нь авч үзвэл Монгол эрэгтэй хүн хоногт 11.6гр, эмэгтэй хүн хоногт 10.5 гр давс хэрэглэдэг болохыг тогтоожээ. Давсныхаа 46.2 хувийг цай, 33.5 хувийг хоолноос авдаг ажээ.
Монгол Улс цусны даралтаараа Азийн 35 орны хэмжээнд нэгдүгээрт орж байгаа. Энэ нь гурван хүн тутмын нэг нь цусны даралттай гэсэн үг. Иргэд даралт ихэслээ гээд эм уугаад яваад байдаг. Гэтэл тэрнийхээ оронд өдөр тутам хэрэглэдэг давсны хэрэглээгээ бууруулах хэрэгтэй. Энэ нь хамгийн үр дүнтэй, эдийн засагт хэмнэлттэй аргын нэг байж болох юм. Бидний хоногт идсэн нийт давсны 75 хувь нь талх, хиам, төрөл бүрийн соус зэрэг өдөр тутам иддэг хүнсний бүтээгдхүүнд агуулагдсан байдаг учраас та хоолондоо давс нэмдэггүй ч гэсэн давс хэтрүүлэн хэрэглэх нь тун амархан болжээ. Тийм болохоор бид идэж байгаа зүйлсдээ анхаарал хандуулах цаг хэдийн болсоныг илтгэж байна.

ХҮНИЙ БИЕД ДАВС ТОХИРСОН ХЭМЖЭЭГЭЭР ЗАЙЛШГҮЙ БАЙХ ЁСТОЙ

Бидний өдөр тутам хэрэглэдэг давс маань натри, хлор гэсэн химийн хоёр элементээс бүтдэг. Үүнээс натри нь бие махбодын давс, усны солилцоог тэнцвэржүүлж, эрхтэн системийн эсийн гадна болон дотор шилжин оршиж байдаг. Дунджаар 70 кг жинтэй хүн байлаа гэж бодоход 50 грамм натри, 15 литр орчим ус бие махбодын эсийн гадна оршдог. Энэ нь нийт биед агуулах натрийн 90 хувь нь гэсэн үг. Үлдсэн 10 хувь нь эсийн дотор оршдог. Хэвийн үед бөөр хүний биед байх давсны хэмжээг зохицуулж байдаг. Хэрэв биед илүүдэл давс орж ирвэл бөөрний ялгаруулах сувгаар биеэс давсыг шээсээр дамжуулан гадагшлуулдаг. Хүний биед илүүдэл хэмжээтэй давс хоол хүнсээр байнга орж ирэх үед бөөрөнд байх нэг сая орчим хялгаснаас нарийхан бичил судсууд ачааллаа даахаа больж, эцэстээ давсыг гадагш хөөн гаргах чадваргүй болдог. Үүний улмаас эсийн гадна орших цусан дахь натрийн хэмжээ 50 граммаас ихэсдэг байна.


Бие махбодын амьдралын чухал vйл ажиллагаа болох эсийн доторх химийн урвалууд зөвхөн усан орчинд явагдана. Хvний бие махбод дахь усны хэмжээ ямагт багасаж байдаг. Учир нь ус хvний хөлс, шээсээр мөн амьсгалын замаар ууршин гадагш гарна. Энэ нь биеийн температурыг зохицуулахад чухал vvрэгтэй юм. Биеэс алдсан усны дутагдлыг ямагт нөхөж байх шаардлагатай. Хvн усгvйгээр хэдхэн хоног амьдарч чадна. Эрдэс давс нь бие махбодын дотоод орчны найрлага ба усыг тогтмол барьж байдаг. Цусанд ууссан зарим эрдэс давс нь нvvрсхvчлийн хийг эдээс уушгинд очиход нөлөөлдөг. Цус бvлэгнэхэд кальцийн давс заавал шаардагдана. Ясны эдийн эс хоорондын бодисын дийлэнх нь эрдэс давснаас тогтоно. Бvх эс, эдэд болох бодисын солилцооны нарийн vйл явцад эрдэс давс оролцоно. Хvний биед шаардлагатай ихэнх эрдэс давс хоол хvнсний найрлагад хvрэлцээтэй байдаг. Гагцхvv натри хлор дутагдалтай байдаг учир хоолонд давс нэмж хэрэглэдэг. Орчин үед хооллолтын олон хэлбэр бий болсон.

Түүний дотор давсгүй хоол идэх нь эрүүл мэндэд тустай, жин хасдаг гэсэн ташаа ойлголт бий болсон байна.Хэт туйлширсан, нэг талыг барьсан, хүмүүсийн оюун ухааныг төөрөгдүүлсэн иймэрхүү тодорхойлолтуудын зарим нь ямар ч үндэслэлгүй, буруу болох нь өнөө үед шинжлэх ухааны судалгаагаа шинжилгээгээр батлагдсаар байна. Тэдгээрийн нэг нь давс.

Давс хүний биемахбодид зайлшгүй шаардлагатай төдийгүй шингэний тэнцвэртэй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг дээр дурдсан билээ. Өөрөөр хэлбэл салс, шээс, цус, нулимс, хөлс зэрэг бие махбодийн бараг бүх шингэнд давс шаардагддаг бөгөөд давсгүйгээр эсүүд ажиллаж чаддаггүй . Хэрвээ давс болон ус байхгүй бол эсүүд шаардлагатай тэжээлээ хүлээн авч чадахгүйгээс гадна усгүйгээр мөхөх аюулд ордог. Тэр байтугай бие махбод давсны архаг дутмагшилд орсноор үхэх аюулд хүрдэг аж.