Эх сурвалж: www.saltassociation.co.uk

ДАВС ба ТҮҮХ
Эрт дээр үеэс хүмүүс давсны чухлыг ойлгож зарим газар алттай адилтган өндрөөр үнэлдэг тухай дурдсан байдаг. Тухайлахад Ромд цэргүүдийн гавъяаг үнэлэн давсаар шагнадаг байж. Давсны нөөцгүй улс орныг тусгаар тогтнолын баталгаагүй ч гэж үздэг байжээ. Дайн болоход хамгийн түрүүнд давсны орд газрыг эзэлдэг заншил ч бас тогтсон байж.
Японы ард түмэн давсыг хүндэлдэг, ариусгах шидтэй идээний дээж гэж үздэг. Тэд хаалганыхаа хоёр талд давс тавьж орон гэрээсээ гарз хохирол гаргахгүй байх, саар муу зүйл орохоос хамгаалдаг заншилтай. Хүнд давс бэлэглэх нь гай барцадаас хамгаалж, ариун үйлийг бэлгэдэн ерөөж буйг илэрхийлдэг аж.

Сталин, Рузвельт, Черчилль нар 1945 он
Дашрамд сонирхуулахад, дээрх зураг бол дэлхийн түүхэнд алдартай зураг. Эл зургийг Черчилль, Рузвельт, Сталин нарыг 1945 онд Крымд болсон чуулганд оролцож байх үед авчээ. Тухайн үед Черчилль 70 настай байсан бөгөөд наснаасаа арай хөгшин харагдана. Мөн тэрбээр илүүдэл жинтэй, халзан байв. Харин түүний хажууд жавхаатай харагдах Ерөнхийлөгч Рузвельт 63 настай. Мөн 66 настай Сталин сууж байна.
Энэ зургийг хараад та хэнийг нь хамгийн их өвчтэй гэж хэлэх вэ? Магадгүй Черчиль эрүүл бус харагдаж болох ч тэрбээр уг зургийг дарснаас хойш 20 жил амьдарч, 90 нас зоогложээ. Гэтэл хамгийн залуухан нь болох Рузвельт хоёрхон сарын дараа цус харваж нас барсан түүхтэй.
Тэдний хувийн эмч нарын мэдээлж байснаар Рузвельтийн артерийн даралт 220/120, Черчиллийнх 150/95, Сталиных 170/100 байжээ. Мөн эмч нар тэдний судасны хатуурлыг тооцож үзэхэд 63 настай Рузвельтийн судас 83 настай хүнийх шиг, Черчиллийнх 70 насанд нь 56 настай хүнийх шиг, харин 66 настай Сталиных 65-66 настай хүнийх шиг байсан гэнэ. Энэ 3-ын хэн нь давс хэтрүүлэн хэрэглэдэг байсан байх нь уу? Та ч бас өөрийгөө тодорхойлох гээд нэг үзээрэй.
ДАВСНЫ ТӨРЛҮҮД
Дэлхий дээр олон төрлийн давс байдаг бөгөөд хоол хүнсэнд хамгийн тохиромжтой нь орчин үеийн шинжлэх ухаан хлорт натри / NaCl / гэж үздэг бөгөөд эл амтыг бид шорвог, давсархаг гэдэг. Бусад давс гашуун, хүчиллэг гэх мэт төрөл бүрийн амттай байдаг ч хүний хоолны хэрэгцээнд тус бүрдээ тодорхой ашиг тус агуулж байдаг ажээ. Тухайлбал, хүүхдийн сүүн тэжээлийн найрлагад хлорт магни, хлорт кали, хлорт натри гэсэн гурван төрлийн давс ордог байна. Одоогоор түгээмэл хэрэглэгдэж байгаа давс нь иоджуулсан давс, жамц давс, далайн давс, калийн давс юм.
Гадны орнууд ихэвчлэн калийн давсыг түлхүү хэрэглэж байна. Кали нь Булчин болон зүрхний үйл ажиллагааг сайжруулдаг. Харин Монголчуудын хувьд нутаг орны онцлогоос хамааран янз бүрийн давс хэрэглэдэг. Баруун аймгийнхан голдуу чулуун давс буюу жамц давс хэрэглэдэг. Жамц давсанд хүний биед хэрэгтэй олон элементүүд агуулагддаг.
Жишээ нь
-
Кальци : Яс сийрэгжихээс сэргийлэх ба цус багадалтаас сэргийлнэ.
-
Кали : Булчин болон зүрхний үйл ажиллагааг сайжруулдаг.
-
Хүхэр : Бие махбодийн эсэргүүцлийг сайжруулах ба хүний биеийг гадаад орчны бохирдол болон цацраг туяанаас хамгаалдаг.
-
Натри: Бие мах бодын усны хэмжээг зохицуулдаг.
-
Төмөр : Бие мах бодыг хүчил төрөгчөөр хангаж цусны эргэлтийг сайжруулдаг.
-
Иод : Иод нь бие мах бодын үндсэн солилцоо, уураг , өөх тос, нүүрс усны солилцоог зохицуулдаг төдийгүй өсөлт хөгжилт, чухал дааврын исэлдэлт исэлдэн фосфоржих үйл явц , уургийн нийлэгжилтэнд нөлөөлдөг.