ТАРГАЛАЛТ

Биеийн өөхний хэмжээ ихсэхийг таргалалт гэнэ.

ТАРГАЛАЛТ БОЛ НЭГЭН ТӨРЛИЙН "ХАЛДВАРТ ӨВЧИН"

Эх сурвалж:Анагаахын иж бүрэн гарын авлага

Таргалалт гэж юу вэ?

Ихэнх хүмүүс таргалалтыг жингийн илүүдэл гэж ойлгодог. Харин мэргэжлийн ойлголтоор бол жингийн илүүдэл гэдэг ойлголтод булчин, яс, өөх, усны илүүдэл хэмжээ ордог. “Obesity“ буюу таргалалт гэдэг ойлголт нь биеийн өөхний хэмжээ ихсэхийг хэлнэ. Хүний биед шаардлагатай үед ашиглах өөхний нөөц гэж байх ба таргалах үед хэт их өөх хуримтлагддаг байна. Таргалалтын онцлогоос хамаараад эрэгтэй, эмэгтэй таргалалт гэж хуваадаг. Эрэгтэй таргалалт нь илүүдэл өөх нь гэдэс ба түүнээс дээш хэсэгт хуримтлагддаг бол эмэгтэй таргалалтын үед гуя, өгзөгний орчим хуримтлагддаг.

Таргалалт тэр тусмаа хүүхэд, залуусын дундах таргалалт хүн төрөлхтний санааг зовоосон асуудлын нэг болжээ. Манай улсад ч гэсэн таргалалт нэмэгдсээр байгааг эрүүл мэндийн байгууллагуудаас хийсэн судалгааны дүн харуулна. ДЭМБ, Мянганы сорилтын сан, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн хамтран 2009 онд хийсэн судалгаагаар манай улсын 15-64 насны хүн амын 42.7 хувь нь илүүдэл жин буюу таргалалттай байсан бол жилийн дараахь судалгаагаар таргалалттай хүмүүсийн эзлэх хувь 54.4 хувь болж огцом өссөн байна. Дэлхий нийтэд бол долоон тэрбум хүний хоёр тэрбум орчим нь таргалалттай гэсэн судалгааг 2014 онд гаргаж байж.

Хөгжиж буй орнуудад  таргалалт нэмэгджээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Женев хотод Лондоны “Империал” дээд сургуультай хамтран хийсэн сүүлийн үеийн судалгааны үр дүнгээ өнгөрсөн аравдугаар сард олон нийтэд  танилцуулжээ. Өнгөрсөн 40 жилд дэлхий дахинд 5-19 насны тарган хүүхэд, залуусын 10 дахин нэмэгдсэн бөгөөд 2022 он гэхэд хэт таргалалттай хүүхэд залуусын тоо дунд зэргийн болон хэт туранхай хүний тооноос давах болно гэсэн судалгааны дүн гарсан байна.

ДЭМБ судалгааныхаа үр дүнг олон улсын анагаах ухааны “The   Lancet” сэтгүүлд нийтэлжээ. Судалгааны хүрээнд 5-аас дээш насны 130 сая орчим хүний биеийн өндөр ба жинд судалгаа хийсэн байна. Энэ нь хамгийн олон хүн оролцсон эпидемиологийн  судалгааны төсөл болжээ. 1000 гаруй судлаач 1975-2016 оны хооронд олон улсын хүмүүсийн биеийн үзүүлэлт, хэт таргалалт, өөрчлөлт ямар байсныг судалжээ.

Судалгааны дүнд 1975 онд олон улсын хүүхэд, залуусын таргалалт 1 хувьд хүрэхгүй, тухайлбал 5 сая тарган эмэгтэй хүүхэд, 6 сая эрэгтэй хүүхэд байжээ. 2016 онд эмэгтэй хүүхдийн таргалалтын хэмжээ 6 орчим хувь буюу 50 сая, эрэгтэй хүүхдийн таргалалтын хэмжээ 8 орчим хувь буюу 74 сая хүрчээ. Ерөнхийдөө 5-19 насны хүүхэд залуусын дунд тарган хүний тоо 10 дахин нэмэгдсэн байна. Мөн 2016 онд 213 сая хүний биеийн жин хэтэрсэн боловч тарганд тооцогдоогүй байна.

Тус төсөлд оролцсон ДЭМБ-ын мэргэжилтэн, доктор Фиона Булл “Таргалалт хүүхэд, залуусын өсөлтөд маш их сөрөг нөлөө үзүүлнэ” гэжээ. Мөн тэрээр “Таргалалтад олон талын сөрөг нөлөө бий. Юуны өмнө зүрх судасны өвчин, чихрийн шижин, хорт хавдар, булчингийн чадвар зэрэг асуудал байна. Ялангуяа хүүхдэд сэтгэл зүйн асуудал үүсгэдэг. Тарган хүүхдүүд өсч том болоод улам таргалах эрсдэл ихтэй учраас бид хойч үеийнхнээ таргалалтаас сэргийлэхийн тулд арга хэмжээ авах ёстой. Тулгарч буй бэрхшээл их бий” хэмээн ярьсан байна.

ДЭМБ-ын төслийн ерөнхий судлаач, Лондоны “Империал” дээд сургуулийн профессор Мажид Еззатти “Өнгөрсөн 40 жилд бага, дунд орлоготой улс орны хүүхэд, залуусын таргалалт илэрхий нэмэгдэж, өндөр орлоготой улс орны таргалалтын түвшин өндөр боловч нэмэгдэх хурд нь үндсэндээ тогтвортой  болсон” гэжээ.

Таргалалтаас сэргийлэх зургаан бодлого

Эх сурвалж:Анагаахын иж бүрэн гарын авлага

Судалгаанд үндэслэн таргалалтын улмаас үүсэх олон асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай судлаачид зургаан талт бодлогын санал дэвшүүлжээ. Энэ  тухай доктор Фиона Булл  “Юуны өмнө эрүүл хүнс хэрэглэх бодлого боловсруулах ёстой. Хоёрт, хүүхэд залуусыг сургууль, гэр бүл, амьдарч буй орчин, хороололд нь биеийн тамир спортын үйл ажиллагаанд оролцуулах. Гуравт, жирэмслэхээс өмнө, жирэмсний үед эрүүл мэндээ анхаарах. Дөрөвт, нялх хүүхдийг наад зах нь эхний зургаан сард хөхөөр хооллох, хоёр нас хүртэл нь хөхүүлбэл бүр ч сайн. Учир нь хөхөөр хооллох нь биеийн жин хэтрэх, таргалалтаас сэргийлэхэд чухал ач холбогдолтой. Тавд, эрүүл бус хүнсийг хязгаарлах, эрүүл хоолыг сурталчлахад сургууль маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Зургаад, биеийн жин хэтэрсэн буюу тарган хүүхдийн жинг барих шаардлагатай” гэжээ.

Улс орнууд ард түмнээ эрүүл, шимтэй хүнсээр хангахыг судлаачид санал болгож, хууль тогтоомж, татварын арга замаар хүүхэд, залуусыг эрүүл бус хоолны сөрөг нөлөөнөөс хамгаалахыг уриалжээ. Үүний зэрэгцээ спортоор идэвхтэй хичээллэж, удаан сууж амрахыг багасгах ёстой гэсэн байна.

ДЭМБ үйл ажиллагааны хөтөлбөр гаргаж, эмч сувилагчид биеийн жин нь хэтэрсэн, тарган хүүхдүүдийг бүртгэж, жингээ барихад нь туслахыг уриалжээ. Таргалалттай тэмцэхэд ерөнхийлсөн арга хэмжээ хэрэгтэй гэж профессор Фиона Булл онцолсон байна. “Олон бодлогыг нэгтгэж, ерөнхий арга зам болгох нь зүйтэй бөгөөд бүх улс орон үйл ажиллагаа явуулж, таргалалттай тэмцэх хөтөлбөр гаргах хэрэгтэй” хэмээн ДЭМБ-ын судлаачид уриалж байна.

Монголчууд таргалалтаараа Азид тэргүүлж байна

Таргалалт бол хувь хүний амьдралын хэвшил, хооллолт, хөдөлгөөн, сэтгэл санааны байдал, хорт зуршил зэргээс шууд шалтгаалдаг. Түүнчлэн таргалалт, жингийн илүүдэл хүн төрөлхтний нас баралтын гол шалтгаан болдог халдварт бус өвчний гол шалтгаан юм. Тиймээс Японд тарган хүнийг удирдах албан  тушаалд томилдоггүй жишигтэй. Энэ нь өөрийнхөө эрүүл мэндэд анхаарал тавьж чадаагүй хүн бусдад анхаарал тавьж, удирдан чиглүүлж чадахгүй гэж үздэгийнх. Манай улсад ч гэсэн ийм жишээ цөөн боловч гарч байсан. Уул уурхайн компанид ажилд орохоор шалгалт өгч тэнцсэн залууг жингийн илүүдэлтэй гэдгээс нь болж тухайн ажилд аваагүй. Үүнээс болж тухайн залуу хүний эрхийг зөрчлөө хэмээн гомдол гаргаж байсан юм. Мөн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд жингийн илүүдэлтэй удирдах ажилтнууд олон байгааг шүүмжилж байсан удаатай.

Юутай ч дэлхийн улс орнууд таргалалттай янз бүрийн арга, хэлбэрээр тэмцэл өрнүүлж эхэлжээ. Манай улсын хувьд ч гэсэн таргалалт сэтгэл түгшээх хурцадмал асуудлын нэг болоод буй юм. Тухайлбал 2014 онд НҮБ-ын гишүүн орнуудын хүрээнд улс үндэстэн бүрт тулгамдаж буй нийгмийн эрүүл мэндийн гол хүндрэл бэрхшээлүүд нь халдварт бус өвчин болон нийгэм, эдийн засгийн хөгжил, ядууралтай холбоотой байгааг тунхагласан. Энэхүү судалгааны дүнд тулгуурлан таргалалт, хэт таргалалтын хувьд Монгол Улс Азидаа тэргүүлж байгааг НҮБ онцолсон билээ.

Таргалалтыг хэмжих

Эх сурвалж:Анагаахын иж бүрэн гарын авлага

Биеийн жингийн индекс – биеийн өөх хэмжинэ /BMI/ /Хүний өвчний эрсдэлт хүчин зүйл болон BMI нь биеийн жингээс хамааралтай эрүүл мэндийн эсрдэлийг тодорхойлоход чухал үзүүлэлтүүд юм. BMI= биеийн жин/кг/ : өндөр /м/2/

Бүсэлхийн тойрог /Хэвлий хэсгийн өөхний хэмжээ зарим өвчинд хүрэх эрсдлийг харуулж байдаг. Бүсэлхийн хэмжээ эмэгтэй 94см их, эрэгтэй 101см их бол зүрх судасны өвчин, чихрийн шижинд хүрэх өндөр эрсдэлтэй байна/

Антропометр /Антропометр нь арьсны зузааныг өөр өөр газраас хэмжих, ихэвчлэн трицепс, дал, гуяны хэсгээс. Энэ хэмжигдэхүүн нь биеийн жин хэр их булчин эсвэл өөхнөөс тогтож буйг тодорхойлно./

Одоо ба урьд байсан өвчинд хүргэх эрсдэлт хүчин зүйлс  (архи тамхины хэрэглээ, даралт ихдэх, холестеролын их хэмжээ, чихрийн шижин, зүрх судасны өвчин)

Таргалалт үүсэх шалтгаан

Хөдөлгөөний хомсдол

Хоол тэжээлийн буруу хэрэглээ

Генетикийн хүчин зүйлс 70-80% таргалалтанд нөлөөлнө.

Хоол идэх дуршил

Хүрээлэн буй орчин

Зарим эмнэлзүйн нөлөө /бамбай булчирхайн өөрчлөлт, өндгөвчний үйл ажиллагааны алдагдал, зарим генетикийн өвчин, гипоталамус булчирхайн гэмтлээс үүссэн таргалалт гэх мэт/

Таргалалтын хэлбэр

Биеийн дээд хэсгийн таргалалт буюу алим хэлбэрийн таргалалт. Энэ нь биеийн дээд хэсэг болон бүсэлхийгээр таргалдаг ба илүү аюултай.  Ийм хэлбэрийн таргалат эрэгтэйчүүдэд ихэвчлэн тохиолдох ба зүрх судас, чихрийн шижин зэрэг өвчинд хүрэх эрсдэл өндөр байдаг.

Биеийн доод хэсгийн таргалалт буюу лийр хэлбэрийн таргалалт. Өөхөн эд гуя, өгзөгний арьсан дор хуримтлагдана. Ихэвчлэн эмэгтэйчүүдэд ийм хэлбэрийн таргалалт тохиолддог.

Таргалалттай тэмцэх

  • Амьдралын хэв маягаа өөрчлөх
  • Дасгал хөдөлгөөн түлхүү хийх
  • Хооллох зуршилаа өөрчлөх, шим тэжээлийн байдлаа хянах
  • Энергийн балансаа хянах

Тураах бэлдмэл хэрэглэх эсвэл хоолны дэглэм дангаар барих нь биеийн жинг богино хугацаанд бууруулах боловч эрүүл мэндэд хортой ба буцаж амархан таргална. Үүгээр ч зогсохгүй таны зарим эд эрхтнийг гэмтээх, үйл ажиллагааг нь доголдуулах аюултай.

Дасгал хөдөлгөөнийг хоолны дэглэмтэй хослуулан турах нь эрүүл арга юм.

Илчлэг. Хоолноос авах илчлэгийн хэмжээг хязгаарлах нь таргалалтын эмчилгээний чухал хэсэг юм. Өдөрт 3500 ккал илчлэг хоол идэхэд ойролцоогор 500г өөх тос хэрэглэнэ. Хүн өдөрт авах ёстой илчлэгээс 500ккал бага илчлэг авбал өдөрт ойролцоогоор 500г турах магадлалтай байдаг. Өдөрт авах илчлэгээсээ хэр их бага хэрэглэнэ төдий чинээ хурдан турна. Гэхдээ энэ нь шим тэжээлийн дутагдалд орох эрсдэлтэй байдаг. Тиймээс өдөрт хэрэглэж буй хүнснийхээ шим, тэжээлийн байдалд давхар анхаарах шаардлага гарна.

Өөх тосны хэрэглээ. Өөх тосны хэрэглээ нийт илчлэгийн 30% ихгүй байх. Ханаагүй тосны хүчил агуулсан тос хэрэглэж ханасан тосноос татгалзах. Өөх тосны хэрэглээг хэт хязгаарласнаас А, Е аминдэм, фолийн хүчил, кальци, төмөр, цайрын дутагдалд орох магадлалтай. Иймд эдгээрээр баялаг хүнс хэрэглэх. Ургамлын гаралтай болон загасны тос ханаагүй тосны хүчил агуулна. Амьтны гаралтай болон маргарин нь ханасан болон транс тосны хүчил агуулна.Транс тосны хүчил нь ханасан тосны хүчлээс илүү таргалалтанд нөлөөлнө.

Эслэг. Нийлмэл нүүрс-ус хоол боловсрох процессын үед задрахгүй. Хоногийн хэрэглээ 55г-с дээш хэрэглэх хэрэгтэй. Эслэг нь зөвхөн ургамалд түүний дотор хүнсний ногоо, жимс, үр тариа, самар, шош зэрэгт агуулагдана. Эслэгийн нэг хэлбэр болох chitosan нь хясааны ясанд байдаг байна.

Уусдаг эслэг. Эх үүсвэр – пектин: алим, цитрусын төрлийн жимс. Үүрэг нь өлсөх хугацааг богиносгох, цөсний хүчилтэй нэгдснээр холестеролын хэмжээг багасгах, өтгөнийг шингэлж, гүрвэлзэх хөдөлгөөн сайжруулж өтгөн гадагшлуулах   

Уусдаггүй эслэг. Эх үүсвэр: – хүнсний ногоо, улаан буудай, хивэг, вандуй, байцаа. Үүрэг нь холестеролыг өөртөө татаж биеэс гадагшлуулах, Бүдүүн гэдсэнд амьдардаг ашигтай нянгийн тэжээлийн эх үүсвэр болно. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулна. Усыг өөртөө татаж өтгөнийг зөөлрүүлж түргэн гадагшлуулна. Цөс чулуужихаас сэргийлнэ.

Архины хэрэглээ. Архи нь хоосон илчлэг агуулна. 1мл архи биед задрахад 7ккал илчлэг ялгарна. Архи хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүсийн хоолны дуршил алдагддаг нь үүнтэй холбоотой бөгөөд аажимдаа маш их жин нэмж эхлэдэг.