СТРЕСС - БУХИМДАЛ

Хүн бүрт таарах стресс менежментийн арга гэж үгүй.

Стрессээс ангижрах хамгийн оновчтой хүчирхэг арга бол хүний ухамсар

Эх сурвалж: www.heart.org

Орчин үед хүний амьдралын хэрэгцээ нэмэгдэж, үүнийг даван туулахын тулд бие махбод болон оюун санаагаа дайчилж байна.

Хүний амьдралд тохиолдож буй дарамт бүхий үйл явдал, өөрчлөлтийг даван гарахын тулд бие сэтгэцийн зүгээс гарч буй хариу урвал юм.

Удаан хугацаагаар стресстэй явах нь эрүүл мэндийг доройтуулан, бие сэтгэлийн тэнхээ барагдан өвчлүүлдэг тул “Чимээгүй алуурчин” гэх өвчний ангилалд оруулдаг.

Стресс нь эерэг сөрөг ямар ч нөлөөллийг үзүүлж болдог. Эерэг стресс нь асуудлыг даван туулахад түлхэц өгч амжилтад хүргэж болдог.

Стрессийн голомт уураг тархинд байснаар зүрх судас, сэтгэцийн өвчин, ходоод гэдэсний шархлаа зэрэг стрессийн гаралтай өвчин үүсэх үндсэн нөхцөл нь болдог.

Стрессээ тайлах эрүүл бус аргууд:

Доорх аргууд богино хугацаанд стрессийг арилгах ч урт хугацаанд бүр илүү хор хохирол учруулдаг.

  • Тамхи татах
  • Архи уух
  • Хэтрүүлэн идэх
  • ТВ, компьютерийн өмнө хэт их цагийг өнгөрөөх
  • Гэр бүл, найз нөхөд болон нийгмийн бусад арга хэмжээнээс хөндийрч, зугтах
  • Эм, мансууруулах бодис хэрэглэн тайвширах
  • Хэт их унтах
  • Ажлаа хойшлуулах
  • Асуудалтай нүүр тулахгүй байх
  • Бусдад стрессээ гаргах

Бүх хүнд, бүх нөхцөл байдалд таарах ганц арга гэж үгүй тул өөр өөр техник, аргуудыг туршиж үзээрэй. Юу таныг илүү тайвшруулж, асуудлыг гартаа оруулахад тусалж байгааг мэдээрэй.

Та хамгийн сүүлд хэзээ стресс орсоноо санаж байна уу?

Замын түгжрэл, банкинд дугаарлаж зогсох, таны хамгий дургүй зүйлийг хийж байгаа хүнийг харж жигших, гадаа байгаа машины дохиолол тасралтгүй дуугарах, хүүхдүүдийн шуугиан зэрэгт та стрессдсэн үү?

Та асуудлыг хүлээн зөвшөөрч түүнийг даван туулах чадвартай юу?

Хүн аливааг асуудлыг хүлээн авч, ойлгосноор “Зугтах” эсвэл “Тулалдах” эсэхээ шийднэ.

Стресс үүсгэж байгаа шалтгааныг танин мэд. Үүний тулд дэвтэр дээр энэ долоо хоногийн турш таныг стресст хүргэсэн шалтгаан, үүнд үзүүлсэн хариу үйлдэл, тухайн үеийн нөхцөл байдал, үйл явдлыг сайтар тунгаан бич.

Өдөр цаг, хаана байсан? хэнтэй холбоотой байсан? шалтгаан нь юу байсан? Ямар хариу үйлдэл үзүүлсэн? Үр дүн нь юу байсан? Талаар бич.

Олон асуудал байгаа бол хамгийн хүчтэйд /5/,багад нь /1/ оноо өг. Дараа нь хамгийн их оноотой асуудалд анхаарлаа хандуул.

Асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар бод. Ганцаараа шийдэл олж чадахгүй байвал, танд туслах хэн нэгэнтэй зөвлөлд.

Тулгарсан асуудал бүхэнд бууж өгөлгүй тэмцэж, хүлээн зөвшөөрөх хэрэгтэйг нь хүлээн зөвшөөрч чадвал энэ бол танд өөрийгөө нээх боломж, гарцыг нээж өгдөгийг битгий мартаарай.

СТРЕСС БУХИМДЛЫН ҮЕ ШАТУУД

Байнгын бухимдалтай байхад амьдрал, эргэн тойрон дахь бүх юм утгагүй мэт санагдаж, сэтгэл санааны гутралд өөрийн эрхгүй оруулдаг. Ингэснээр хүн баярлаж хөөрөх юмгүй, ямар ч мэдрэмжгүй, уурлаж бухимдсан, хүйтэн хөндий нэгэн болдог.

СЭТГЭЛ ТҮГШИЛТИЙН ҮЕ:

Энэ нь сэтгэл хүчтэй догдлох, шаналах, анхаарал тогтворгүйжин сандрах, түгших зэргээр илэрдэг.

ЭСЭРГҮҮЦЛИЙН ҮЕ:

Энэ үед хүн сэтгэл зовоосон асуудлынхаа талаар тодорхой ойлгож эхлэх ба түгшүүрийнхээ эсрэг хариу үйлдэл үзүүлж эхэлдэг. Хүмүүс янз бүрийн зан байдалтай болох бөгөөд зарим нь харьцангуй тайвширч, тэнцвэржиж ирдэг бол зарим нь зан төрхийн өөрчлөлтөд орж, хүн ойлгоход төвөгтэй зан гаргаж эхэлдэг.

ТУЙЛДАЛ ЯДАРГААНЫ ҮЕ:

Бухимдал үүсгэгчийг эсэргүүцэх хүчин чадал нь алдарч, бие махбод мөхөж, сөнөх хүртэл аюулд хүрдэг. Энэ үед байнгын уцаарлах, бухимдах, сэтгэлд нийцэх зүйл үгүй болох, сэтгэлээр унан хэт идэвхгүй, юм тогтоох чадваргүй болох, буруу хэрэглээнд донтох гэх зэрэг өөрчлөлтөд орж эхэлдэг байна.

Аль ч шатан дахь стресс бухимдал тайлагдахгүй хуримтлагдвал бие эрүүл мэндэд сөрөгөөр нөлөөлж олон өвчний суурь болж, хүндэрдэг.

Хүн бүр өөрчлөлтөд хариу өгөх урвал харилцан адилгүй байдаг. Энэ нь стрессийн хүч, хугацаанаас хамаарч янз бүрээр илэрч болно.

Ерөнхий шинж тэмдэг нь:

Биед:

  • Толгой өвдөх
  • Зүрх дэлсэх
  • Чих шуугих, толгой эргэх
  • Булчин чангарах
  • Эрүү зуурах
  • Шүдээ хавирах
  • Чичрэх
  • Гарын алга хөлрөх
  • Ядрах
  • Нойр хямрах, нойргүйдэх
  • Хэт их идэх эсвэл хоол идэх хүсэлгүй болох
  • Жин нэмэгдэх эсвэл жин алдах

Сэтгэл зүйд:

  • Тайван биш
  • Сэтгэл зовж, түгших
  • Санаа зовох
  • Уурлах, уцаартай болох
  • Сэтгэлээр унах
  • Гутрах
  • Айдас хүрэх
  • Ичих
  • Мартамхай болох
  • Анхаарал төвлөрөхгүй байх
  • Өөрийгөө буруутгах

Үйлдэлд:

  • Хумсаа мэрэх
  • Нийгмийн идэвхигүй болох
  • Ажлын идэвхитүй болох
  • Үүрэг даалгавараас буцах
  • Зорилгоосоо буцах
  • Тамхи татах
  • Архи уух

Хүчтэй стресс нь ядарч тамирдан, өвчлүүлж аз жаргалгүй болгох шалтгаан болдог.

Стресс бухимдал даамжирвал эрүүл мэндэд муугаар нөлөөлж, олон өвчний суурь болдгийг эрдэмтэд тодорхойлсон байдаг. Тухайлбал, дэлхийн хүн амын 5 хүн тутмын 3 нь стресс бухимдлаас үүссэн өвчний улмаас эмчид ханддаг байна.

Хэт их бухимдсанаас болж хүн алтан амиа алдах ч тохиолдол байдаг.

Аваар осолд өртөх, амиа хорлох, элэгний хатуурал үүсэх зэрэг олон төрлийн сөрөг үр дагавартай. Мөн жирэмсэн үед хэт их стрессдэж, бухимдвал тайван бус хүүхэд төрдөг. Түүнчлэн хүүхдийн оюун ухаан, хэвлий дэх бойжилт удааширдаг болохыг эрдэмтэд нотолжээ.

Стрессээс үүдэлтэй үүсэх бусад өвчлөлүүд :

  • Арьсны өвчнүүд
  • Харшил
  • Астма
  • Зүрхээр өвдөх
  • Зүрх дэлсэх
  • Цусны даралт ихсэх
  • Судас хатуурах
  • Зүрхний шигдээс
  • Ходоодны үрэвсэл
  • Ходоод, 12 хуруу гэдэсний шархлаа
  • Тромбоз
  • Сэтгэл түгшилт
  • Сэтгэл гутрал

Хүн бүр үе үе сэтгэлээр унах тохиолдол байна. Стресст өртөгсөдийн ихэнхи нь тааламжгүй мэдрэмжээ гадагш нь чөлөөтэй илэрхийлж, сэтгэлийн дарамтаас өөрийгөө чөлөөлж чаддаг байхад цөөхөн хэсэг нь үүсэж буй сөрөг мэдрэмжүүдээ гадагш нь буюу бусдад илчилж чаддаггүй дотроо хадгалж явдаг. Урт удаан хугацаар стресст өртөх нь таны сэтгэлийн хүч багасан тамирдан ядарна.

Иймээс бид стрессийг танин мэдэж бууруулах, даван туулах чадварын эзэмших шаардлагатай.

Стресст өртөж асуудал юу болохыг тодорхойлсны дараа стрессийг удирдах эсвэл багасгах явдал юм. Стрессийг удирдах чадвартай болно гэдэг нь өөрийн онцлогийг мэдэж, өөрийн эрүүл бус эрсдэлтэй зан үйлээ өөрчлөх том алхам хийх явдал юм.

Стрессээ эрүүл бус эрсдэлтэй зан үйлээр тайлдаг эсэхээ тодорхойл.

  • Архи уудаг уу?
  • Тамхи татдаг уу?
  • Их иддэг үү?
  • Эдгээр нь таны хувьд хэвшсэн зан үйл үү? Эсвэл тухайн нөхцөлд үзүүлсэн зан үйл үү?
  • Та стресст өртсөн, сэтгэл санааны дарамттай үедээ эрүүл бус сонголт хийдэг үү?

Хэрвээ та “тийм” гэж хариулсан бол энэ эрүүл мэндэд эрсдэлтэй зан үйлээ өөрчлөөрэй.

ҮҮНИЙ ТУЛД:

  • Цагаа үр дүнтэй төлөвлө. Ажлаа хамгийн чухал, ач холбогдолтойгоос нь эхлэн эрэмбэлэн гүйцэтгэ. Том ажлаа жижиг хэсгүүдэд хуваа. Юм болгоныг чаддаг байх албагүй. Алхам алхамаар урагшил.
  • Өөртөө анхаарал тавь. Эрүүл зөв хооллож, хангалттай шингэн уу. Сайн унтаж амар. Нойргүй удаан явахад цочромтгой, уцаартай болдог. Ажлаа хийж байх үедээ тогтмол завсарлаж бай. Ингэснээр бие сэргэж, ажлын бүтээмж сайжирна. Өөртөө тогтмол цаг гаргаж хоббигоо хөгжүүл. Өдөр бүр дор хаяж 30 минут идэвхитэй дасгал хөдөлгөөн хий. Таныг амраах, тайвшруулах спорт, дасгал, бясалгал, хөгжим ямар нэгэн зүйлсийг олж, хэрэгжүүл. Амралтаа тогтмол ав.
  • Гэр бүл, найз нөхөд, хамт ажиллагсадтайгаа холбоотой бай. Ажлын байран дээр ажлаа л хий. Бусад цагт гэр бүлтэйгээ өнгөрүүл. Хамт олныхоо зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд идэвхитэй оролцох, нийгмийн идэвхитэй бай. Найз нөхөд, хамт ажиллагсаддаа итгэдэг бол асуудлаа тэдэнтэйгээ ярь.
  • Эерэг хандлагаа нэмэгдүүл. Өөрийгөө ямагт сайн сайхнаар төсөөл. Бусдын сайн сайхан зүйлийг нь эхэлж хар. Сөрөг бодлын эсрэг сөр.
  • Стрессээ тайлж сур. Үүнд амьсгалын дасгал хийж болно. Мөн массажинд явах эсвэл дуртай хөгжмөө сонссон ч болно.

Сэтгэлээр унаж гутарч, сэтгэлийн дарамттай байгаа бол та өрхийн эмчийн хандаж зөвлөгөө аваарай.