ЧИХРИЙН ШИЖИН

Өвдсөн бол сүүдэр мэт дагадаг…

Чихрийн шижин гэж юу вэ?

Эх сурвалж: heart.org

Чихрийн шижин нь инсулиний шүүрэл багасах болон инсулин дааварын үйлдэл алдагдсанаас цусны глюкозын хэмжээ ихэсч улмаар их уух, их шээх хам шинжээр илэрдэг бодисын солилцооны эмгэг юм.

Инсулин нь цусны сахарын хэмжээг зохицуулдаг даавар юм.

Хүний идэж буй хоолны ихэнхи нь бие махбодод глюкоз буюу сахар болон хувирч байдаг. Глюкоз нь хүний биеийн бүхий л эд эсүүдэд хэрэгцээт эрч хүч, энергийн эх үүсвэр болдог. Нойр булчирхайгаас ялгарах инсулин глюкозыг цуснаас эд эсрүү нэвтрүүлэх үүд хаалгыг нээдэг.

Инсулин даавар дутуу ялгарах эсвэл эд эс уг дааврын үйлчлэлд дөжрөлтэй болоход глюкоз эд эсэд нэвтэрч чадалгүй цусанд үлдэж хуримтлагддаг. Эд эс шаардлагатай энергийг авч чадахгүйд хүрдэг.

Чихрийн шижингийн ангилал

 

  • Чихрийн шижин хэв шинж 1 . –Нойр булчирхай инсулин дааврыг огт ялгаруулахгүй болж инсулины туйлын дутагдал үүснэ. Энэ нь 30 – аас доош насны залуучууд ялангуяа хүүхдүүд их өвчилдөг.

 

  • Чихрийн шижин хэв шинж 2.- Инсулин дааврын ялгаралт хэвийн зарим үед ихэссэн байдаг ч эсүүд түүнийг мэдрэхээ больсноос инсулины харьцангуй дутагдал үүснэ. Энэ нь 30-аас дээш насны хүмүүст голдуу тохиолдох ба нийт чихрийн шижинтэй хүмүүсийн 80-90% нь хэв шинж 2-той байдаг.

 

  • Жирэмсний чихрийн шижин. Жирэмсний явцад цусны сахарын хэмжээ ихсэх.

 

  • Бусад хэлбэрийн чихрийн шижин – өөр бусад эрхтэн системийн өвчний улмаас хоёрдогчоор цусны сахарын хэмжээ ихсэхийг хэлнэ.

Чихрийн шижин өвчнөөр яагаад өвчилдөг вэ ?

Чихрийн шижингээр өвчлөхөд олон хүчин зүйл нөлөөлөх ба үүний дотор буруу хооллолт, хөдөлгөөний хомсдол, удамшил /чихрийн шижин өвчин удамших хандлагатай/, хорт зуршил, сэтгэл санааны байнгын тавгүйрхэл нь ихээхэн нөлөөтэй байдаг.

 

Чихрийн шижин удамшдаг уу ?

Сүүлийн үед хүнийг ямар өвчин тусах эрсдэлтэй болох, түүнээс хэрхэн зайлсхийх талаар судалгааг өргөн хүрээтэй хийж байгаа бөгөөд энэ ч үүднээс чихрийн шижин өвчинг судалж үзэхэд удамших хандлагатай гэж тогтоосон. Эцэг, эх 2 нь хоёулаа чихрийн шижинтэй бол хүүхэд нь чихрийн шижингээр өвчлөх магадлал 90% байдаг байна.

 

Яагаад жирэмсэн үед чихрийн шижингээр өвчлөх магадлал өндөр байдаг вэ ?

Жирэмсний үед ургийн хэвийн үйл ажиллагааг хангахад цусанд олон даавруудын хэмжээ нэмэгддэг. Энэ дааврууд нь инсулиныг дарангуйлах үйлчилгээ үзүүлдэг. Улмаар инсулиныг цусанд байх ёстой хэвийн хэмжээнээс багасдаг. Үүнээс болж жирэмсэн эх чихрийн шижин өвчнөөр өвчлөх эрсдэлтэй болдог.

Хэрвээ жирэмсэний чихрийн шижинтэй болсон бол дотоод шүүрлийн булчирхайн эмчийн зөвөлгөөг авч хяналтанд нь амаржих хэрэгтэй. Эс бөгөөс урагт очих сахарын хэмжээ нэмэгдэж гаж хөгжилтэй, хэвийн хэмжээнээс том хүүхэд төрөх эрсдэлтэй.

Иймээс олон улсын чихрийн шижингийн холбооноос 24-28 хоногтой эх цусан дахь сахарын хэмжээгээ заавал хянуулна гэж заасан байдаг.

ЧИХРИЙН ШИЖИНГИЙН ҮЕД ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ

Чихрийн шижингээр өвчилсөн үед ямар шинж тэмдэг илрэх вэ ?

  • Их шээх
  • Хоногт олон удаа шээх
  • Байнга ам цангах
  • Ам их цангаж, үргэлж уух юм хайх
  • Ядарч сульдах, амархан ядрах
  • Турах, жингээ алдах
  • Хоол идсэн ч өлсөх мэдрэмж төрөх
  • Арьс мэдэгдэхүйц хуурайших, загатнах
  • Биед үүссэн аливаа шарх удаан эдгэрэх, идээт халдварт өртөмхий эмзэг болох
  • Нүдний хараа муудах

 

Хэдийгээр дээрх зовиур гардаг ч ямар ч шинж тэмдэггүй байх нь элбэг тохиолддог тул оношлогдохгүй удаан явах нь элбэг.

Чихрийн шижин яагаад аюултай вэ?

Чихрийн шижин нь цусны судас нарийсах, хатуурах гол шалтгаан болдог. Ингэснээр доорх аминд халтай хүндрэлүүд гарна.

  • Нүдний торлогт цус харвах, хараагүй болох
  • Бөөрний дутагдал үүсэх
  • Тархинд цус харвах
  • Зүрхний шигдээс
  • Хөлний хүндрэл: хөл тайрахад хүргэх
  1. Цусанд сахар үзүүлэх:

 

Хэвийн:

 

  • Захын цусанд (өндөгний цус) өлөн үед 3,3- 5,5 ммоль/ л (< 100 мг/дл)
  • Судасны цусанд ( вений цус) < 6.1 ммоль/л (< 110 мг/дл)

 

Өлөн үеийн глюкозын өөрчлөлттэй (ӨҮГӨ)

  • Захын цусанд (өндөгний цус) өлөн үед 5,6-6,0 ммоль/ л (100-140 мг/дл)
  • Судасны цусанд ( вений цус) 6.1-6.9 ммоль/л (110-125 мг/дл)

 

Чихрийн шижин

  • Захын цусанд (өндөгний цус) өлөн үед >6,1ммоль/ л ( 140 мг/дл )
  • Судасны цусанд ( вений цус) ≥ 7.0 ммоль/л (≥ 126 мг/дл)

 

  1. Цусанд HbA1c үзүүлэх (Сахарын 3 сарын дундаж үзүүлэлт)

 

Мөн А1с түвшингээр чихрийн шижинг оношлодог. Гэвч жирэмсэн, цус алдаж эсвэл сэлбүүлсэн, бөөр болон элэгний эмгэг, цусны эмгэгтэй үед чихрийн шижин оношлоход хэрэглэж болохгүй.

 

<5,7 байвал хэвийн

5,7-6,5 байвал чихрийн шижингийн өмнөх байдал

>6,5 байвал чихрийн шижин гэж тус тус оношилно

Чихрийн шижингийн эмчилгээ

 

Чихрийн шижин хэв шинж 1-ийн үед инсулины туйлын дутагдал үүсдэг тул эмчилгээнд зөвхөн инсулин хэрэглэдэг бол ийн дутагдал байдаг

 

Чихрийн шижин хэв шинж 2-ийн үед инсулины харьцангүй дутагдал үүсдэг тул инсулины ялгарлыг нэмэгдүүлэх эмийн бэлдмэл хэрэглэдэг. Хэрэв цусанд сахар удаан хугацаанд өндөр байвал инсулиныг ялгаруулдаг эсүүд үхэж үрэгдэн инсулин бүр ялгарахгүй болдог ба эмчилгээнд инсулин тарихад хүргэнэ.

 

 

Цусанд сахарыг хянах нь ямар ач холбогдолтой вэ?

 

Чихрийн шижинтэй хүмүүсийн цусан дахь глюкозын хэмжээ хэвийн түвшинд байх нь бөөр, нүд, зүрх судасны болон хөлний хүндрэлээс сэргийлэхэд нэн чухал.

 

Цусанд А1с үзэж чихрийн шижингийн хяналт хэрхэн сайн байгааг дүгнэдэг.

 

Чихрийн шижингийн хүндрэлийг илрүүлэх, урьдчилан сэргийлэхэд дараах шинжилгээг хийдэг.

 

Артерийн даралт үзэх, хянах

Артерийн даралт нь хүн бүрийн амин чухал шалгуур үзүүлэлт бөгөөд олон хүчин зүйлээс шалтгаалж өөрчлөгддөг. Артерийн даралтыг 130/80 мм МУБ-аас бага байлгахад анхаарах, өндөр байвал эмчийн зөвөлгөөг авч даралт бууруулах эм хэрэглэх

 

Цусны өөх тосыг (липид) тодорхойлох шинжилгээ

Цусанд холестерин, триглицерид, бага нягтралт болон өндөр нягтралт липопротеид үзэх. Үүнээс холестерин, триглицерид, бага нягтралт липопротеид их байх судсын хатууруулах тул чихрийн шижингийн хүндрэл үүсэхэд шууд нөлөөлнө. Тиймээс, цусанд өөх тосны солилцоог хянаж, амьралын хэв маягийг өөрчлөх, зохистой хооллохыг чухалчлан шаардлагатай бол өөх тос бууруулах эмийг эмчийн заавраар уух шаардлагатай.

 

Цусны липидийг шинжлэхэд дараах дэглэмийг баримтлах нь чухал гэж үздэг. Үүнд

 

  1. Цусаа өгөхийн өмнө 14-16 цагийн турш хоол унд идээгүй байх ёстой өөрөөр хэлбэл заавал өлөн байх хэрэгтэй юм

  2. Шинжилгээ хийхээс өмнөх 2 допоо хоногийн турш ердийн хооллох

  3. Өөх тос багасгах эмчилгээ хийлгээгүй байх

  4. Липид агуулсан эм, тариа, дуслын шингэн хийлгээгүй байх

  5. Судаснаас цус авахдаа цүс шингэрүүлэгч гепарин зэргийг хэрэглэж болохгүй

 

Шээсэнд сахар, уураг тодорхойлох  

Шээсэнд сахар тодорхойлогдох нь цусанд сахар өндөр байгаагийн илрэл тул хяналтын 1 арга юм.

 

Бөөрний судас нарийссанаас шээс шүүх үйл ажиллагаа алдагддаг. Бөөрний хүндрэлийн үед шээсээр уураг гарч эхэлдэг бөгөөд эхний үед жижиг уураг буюу микроальбумин, харин бөөрний эмгэг даамжрах үед том уураг гарч эхэлдэг. Үүнийг жилд 1 удаа (шаардлагатай бол 2-3) заавал хийлгэх

 

Зүрхний цахилгаан бичлэг хийх

 

Зүрхний тэжээдэг титэм судас хатуурч нарийсдаг тул зүрхний цусан хангамж алдагдсан эсэхийг илрүүлэхэд зүрхний цахилгаан бичлэг жилд 1 удаа (шаардлагатай бол 2-3) заавал хийлгэх

 

Нүдний уг дурандах

 

Нүдний судасны нарийслыг илрүүлэх, нүдний угт цус харваж, хараагүй болохоос сэргийлэх зорилгоор нүдний угийг жилд 1 удаа (шаардлагатай бол 2-3) заавал дурандуулах шаардлагатай.

 

Хөлний мэдрэхүйг шалгах

 

Чихрийн шижингийн үед мэдрэлийн ширхэгүүд гэмтэж, мэдрэхүй алдагддаг нь хөлөнд шарх үүсгэх, идээлэх эрсдэл үүсгэдэг тул мэдрэхүйг жилд 1 удаа (шаардлагатай бол 2-3) заавал шалгуулах хэрэгтэй. Мөн хөлний хүндрэл үүсэхэд хөлний судасны хатуурал нөлөөлөх учир эмч таныг хөлний судас шалгуулах шинжилгээнд (судасны доплер) илгээж болно.

Цусанд глюкоз хэт багасах (гипогликеми)

Инсулин болон глюкоз бууруулах эм хэрэглэж буй хүмүүст цусны глюкозын хэмжээ хэт буурах тохиолдол гардаг . Үүнийг гипогликеми гэж нэрлэдэг

 

Энэ үед сахар 3 ммоль/л (50мг/дл)-с багасах эсвэл сахарын хэмжээ өндөр удаан явсан хүн сахараа гэнэт бууруулахад үүсдэг. Гипогликеми нь дараах тохиолдолд үүсч болно. Үүнд:

-Инсулин эмчилгээний дараа хангалттай хэмжээний хоол, хүнс хэрэглэхгүй байх

– Хооллох цагийг оройтуулах

– Биеийн хүчний хэт их ачаалалын дараа

– Глюкоз бууруулах эмийн тун хэтрэх

– Инсулиний өндөр тун

– Архи хэрэглэх

Цусанд глюкоз хэт багасах үеийн шинж тэмдгүүд:

Цусны глюкозын хэмжээ хэт багасах үеийн шинж тэмдгүүд нь хүмүүст янз бүрээр илэрч болох ба арга хэмжээ авахгүй буюу хэт оройтвол гипогликеми нь өвчтөн ухаан алдаж амь насанд аюултай байдалд хүргэж болно.

Илрэх шинж тэмдэг:

  • Хөлрөх
  • Өлсөх мэдрэмж төрөх
  • Зүрх дэлсэх
  • Бие сулрах
  • Толгой эргэх
  • Гар хөл салганах
  • Царай цонхийх
  • Толгой өвдөх
  • Уруул ам бадайрч чимчигнэх

Авах арга хэмжээ:

 

  • Жүрж, алим, усан үзэм зэрэг жимсний шүүс уух буюу 3-4 ширхэг ѐотон иднэ.
  • Хийж буй аливаа биеийн хүчний ачааллыг зогсоох ба, машин барьж буй үед мөн зогсоох хэрэгтэй. Яаралтай цусны глюкозын түвшинг тодорхойлох хэрэгтэй.
  • Шинж тэмдэг арилсны дараа хоол идэх. Цусны глюкозын хэмжээг дахин шалгана.
  • Ийм байдалд хүрсэн байж болох шалтгааныг олж, дахин тохиолдохоос сэргийлэхийн тулд эмчтэйгээ зөвлөх шаардлагатай.

Цусанд глюкоз хэт ихсэх (гипергликеми)

  1. Цусны глюкозын хэмжээ хэт ихсэх үед ам цангах, их шээх, ядарч сульдах зовиурууд улам тод илэрнэ. Удаан үргэлжилсэн тохиолдолд зүрхний шигдээс болох, ухаан алдаж ком (оворго)-д орох, улмаар үхэлд ч хүргэх аюултай. Дараах шалтгаануудын улмаас үүсч болно.
    • Инсулин тарианы тун багадах
    • Инсулин эмчилгээг таслах
    • Хоолны дэглэм алдах
    • Ямар нэг өвчинд өртөх

    Илрэх шинж тэмдэгүүд:

    • -Ядрах
    • Ам цангах, хэл хуурайших
    • Хоолны дуршил буурах
    • Нүд бүрэлзэх
    • Бухимдах
    • Олон удаа шээх
    • Шээсний ялгаралт багасах
    • Аманд чихэр амтагдах
    • Нойрмоглож ухаан алдах

     

    Авах арга хэмжээ:

    • Цусны глюкозыг ойр ойрхон тодорхойлж, эмчид хандан глюкозын хэвийн хэмжээг хэрхэн хадгалах талаар ярилцаарай
    • Цусны глюкозын хэмжээ өндөр байгаа үед комоос сэргийлж их хэмжээний чихэргүй шингэн (ус, цай) уугаарай.

     

    Хэрхэн сэргийлэх вэ?

    • Хоол, хөдөлгөөний дэглэм баримтлах
    • Цусны глюкозын түвшинг тогтмол нэг хэмжээнд барих
    • Эмээ (инсулин / глюкоз бууруулах эм) өдөр бүр хэрэглэх
    • Хэрэв цусны глюкоз өндөр хэвээр байвал эмчид үзүүлэх

Чихрийн шижинг амжилттай хянахад дараах зөвлөмжийг баримтлаарай:

Үүнд:

  • Дасгал хөдөлгөөн нь чихрийн шижингийн нэг гол эмчилгээ юм. Учир нь хөдөлгөөн хийхэд булчин ажиллаж цусны сахарыг инсулины оролцоогүйгээр буурдаг. Та дасгал хийснийхээ дараа цусан дахь сахарын хэмжээ хэрхэн өөрчлөгдсөнийг ажиглаарай.
  • Биеийн жинг бууруулах. Хоол, хөдөлгөөний дэглэм баримтлаж, илүүдэл жингээ бууруулах нь инсулины мэдрэг чанарыг нэмэгдүүлж, үйлчилгээг сайжруулна
  • Цусны даралтыг зорилтот түвшинд байлгах нь чихрийн шижингийн хүндрэл үүсэх,   даамжрахаас сэргийлнэ
  • Гэрийн нөхцөлд цусны сахараа хянаж, тэмдэглэл хөтлөх
  • Эмчийн зааврын дагуу эмчилгээг хийлгэх
  • Байнгын хяналтад байж, заасан хугацаанд тогтмол үзүүлэх, хүндрэл илрүүлэх шинжилгээг цаг хугацаанд нь хийлгэх
  • Гипогликемигээс сэргийлж үргэлж ямар нэг төрлийн сахартай зүйл (чихэр) авч явах
  • Гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олонд гипогликемийн шинж тэмдгүүдийн талаар, хэрхэн таньж мэдэхийг зааж өгөх хэрэгтэй. Ингэснээр тэд шаардлагатай үед хэрэгцээт арга хэмжээг авах боломжтой болно.

 

Гэрийн нөхцөлд сахараа хянах нь яагаад чухал вэ?

Чихрийн шижингийн хяналтанд үйлчлүүлэгчийн өөрийн үүрэг маш чухал. Үйлчлүүлэгч бур сахар хэмжих аппараттай (глюкометр) байх хэрэгтэй.