Амьдралын хэв маягЗөвлөмжЗүрхний хэм алдалт

Ц.Саруул: Зүрхний хэм алдагдлыг тоохгүй өнгөрвөл гурван том хүндрэл үүсгэдэг

Энэ удаагийн ярилцлагаар бид УГТЭ-ийн Зүрхний эмгэг судлалын тасгийн эмч, АУ-ы доктор Ц.Саруултай ярилцлаа. Тэрээр манай улсын зүрхний хэм алдагдлыг эмчилдэг дөрөвхөн эмчийн нэг бөгөөд БНСУ-ын “Анам” эмнэлгийн зүрх судлалын төвд долоон жил ажиллажээ. 2016 онд Монголд ирснээсээ хойш 300 гаруй хүнд зүрхний хэм алдагдлын хагалгааг хийсэн байна. Ингээд түүнтэй ярилцлагаа хүргэе.

-2016 оноос өмнө манай улсад зүрхний хэм алдагдлын хагалгаа хийдэггүй байжээ. Тэрнээс өмнө энэ өвчнөөр өвдсөн хүмүүст ямар эмчилгээ хийдэг байсан юм бол?

-Гадаад руу эмчилгээнд явдаг эсвэл хүндрэлд ордог байлаа. Гуравдугаар эмнэлэг дээр 2016 онд Засгийн газрын нэмэлт хөрөнгө оруулалтаар зүрхний хэм алдагдлын хагалгааны аппаратуудыг суурилуулснаас хойш гадагшаа явж эмчлүүлдэг байсан урсгалыг зогсоосон юм. Гадаадад хамгийн багадаа зүрхний хэм алдагдлын хагалгааг 20 мянган ам.доллараар хийдэг. Үүн дээр нэмээд замын зардал, шинжилгээ, байрлах байрны төлбөр гээд бишгүй их мөнгө зарлагаддаг хагалгааг бид Монголдоо оруулж ирсэн. Мөн ЭМД-аас тодорхой хувийг, хувь хүн өөрөөсөө тодорхой хувийг төлөөд хамгийн ихдээ 6-7 сая, хамгийн багадаа 3-4 сая төгрөгөөр хийдэг болсон. 2017 онд ЭМ-ийн сайдын тушаалаар гадаадад зайлшгүй эмчлүүлдэг өвчний жагсаалтаас хасагдсан. Үүнд би хамгийн их баярладаг.

-Одоо хагалгааг яаж хийдэг вэ?

-Хэм алдагдлын хагалгааг түлэх хагалгаа буюу аблац, төхөөрөмж суулгах гэсэн хоёр янзаар хийнэ. Зүрхний дээд хэсэгт зүрхний үйл ажиллагааг удирддаг жижигхэн пейсмекер гэдэг төхөөрөмж суулгадаг. Аблацыг 18-72 насныханд, пейсмекерийг илүү настай хүмүүст суулгадаг.

-Зүрхний хэм алдагдахад хүнд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Зүрхний хэм алдагдалд тодорхой шинж тэмдэг байдаггүй. Хамгийн их тохиолддог шинж нь зүгээр байж байснаа зүрх амаар гарах шахам огцом, хүчтэй дэлсээд эхэлнэ. Ингэсэн тохиолдолд шинжилгээ хийгээд эмгэг үү, эрүүл үү гэдгийг тогтооно. Шатаар хурдтай алхах, гүйж, ачаалал өгөхөд зүрх дэлсэх нь эрүүл дэлсэлт. Харин тайван байж байгаад гэнэт дэлсээд эхэлбэл эмгэг дэлсэлт. Мөн дэлсэлт тухайн хүний насандаа тохирсон байдаг. 50 настай эмэгтэй хүний зүрхний цохилт 140-150 хүрч дэлсвэл эмгэг. 20 настай эмэгтэй хүний зүрх ингэж дэлсэж байвал эрүүл байж болох талтай. Мөн зүрхний цохилтын тоо цөөрч толгой эргэж, нүд эрээлжилж, газар дайвалзаж унах гэж байгаа юм шиг болно. Энэ бол зүрхний хэм алдагдсаны шинж учраас яаралтай эмнэлэг хандах ёстой.

-Зүрхний өвчнүүд зарим нь төрөлхийн, зарим нь олдмол байдаг шүү дээ. Зүрхний хэм алдагдах өвчинд бас адилхан уу?

-Тийм. Эхээс төрөхдөө зүрхний хэм алдагдалтай төрсөн хүүхдүүд байдаг. Олдмол зүрхний хэм алдагдал нь архи, тамхи, таргалалт, стрессээс болж үүсдэг. Тиймээс би хагалгаанд орж байгаа эрчүүдийг чи тамхинаасаа гарахгүй бол аблацид оруулахгүй шүү гэж бараг л “шантаажилдаг” юм. /инээв/

-Зүрхээ дэлсээд байхад л хүмүүс тоохгүй яваад байдаг шүү дээ. Ямар хэмжээнд хүрэхээр хагалгаа хийдэг вэ?

-Ийм хэмжээнд хүрэхээр хагалгаа хийнэ гэсэн тоон утга байхгүй. Зовуурь, шаналгаа ихтэй, дэлсэлт нь ойр ойрхон байгаа тохиолдолд, мөн өвчтөний хүсэлтээр бас хийж болно. Голдуу зүрхний цахилгаан бичлэгт нь үндэслээд хагалгаа хийнэ. Хүмүүс зүрхэн тус газар нь хатгаж өвдөхөд түүнийг зүрхний өвдөлттэй андуурдаг. Зүрхний өвдөлт арай өөр. Зүрхэн тус газар хатгаж өвдвөл зүрх өвдөөгүй мэдрэлийн ядаргаанд орсны шинж.

-Тэгвэл зүрх хаагуур өвддөг юм бэ?

-Өвчүүний ард чулуу дүүжилчихсэн, дарчихсан юм шиг өвддөг.

-Манай улсад зүрхний хэм алдагдлын хагалгааг хийхээс өмнө хүмүүс гадаад явж эмчлүүлдэг байжээ. Гэтэл гадаад явах бололцоогүй хүмүүс хүндэрсэн чигтээ байдаг байсан байна. Зүрхний хэм алдагдал нь хүндрээд ямар нэгэн өвчний суурь болж болох уу?

-Болно. Нэгдүгээрт, тархинд цус харвах шалтгаан болно. Харвалт өгснөөр тухайн хүн амьдралын өдөр тутмын ажлаа хийх чадваргүй болно. Хоёрдугаарт, зүрхний дутагдал үүснэ. Ингэснээр бас л хөдөлмөрийн чадвараа алдана. Гуравдугаарт, зүрх гэнэт зогсох эрсдэлтэй. Өчигдөр нэгдүгээр эмнэлэг дээр нэг хүнийг дуудлагаар очиж үзсэн юм. Тэр хүний зүрх шөнө 02.00 цагт гэнэт зогссон байна. Азаар хажууд нь байсан хүн татаж байгааг нь мэдээд эмч дуудаад сэргээсэн байна. Ийм тохиолдол олон бий. Дээрээс нь зүрхний хэм алдагдалтай хүүхдүүд их байдаг.

Зургийг iToim.mn-c

-Хүүхдүүдийн хувьд төрөлхийн хэм алдагдалтай байх уу?

-Үр тогтсоноос эхлээд найман долоо хоног хүртэлх хугацаанд хүний зүрх үүсэж бий болдог. Ихэнх эмэгтэйчүүд энэ үед жирэмсэн болсноо ч мэдээгүй байдаг юм. Тэгээд найман долоо хоногоос цааш ураг томрохын хэрээр дагаад зүрх томордог. Энэ хугацаанд ямар нэгэн байдлаар гаднын хортой нөлөө хүрсэн бол хүүхдэд зүрхний гажиг үүсэх магадлалтай. Зүрх үүсэж бий болох хугацаанд хүүхдийн зүрхэнд хэм алдагдал дамжуулдаг дамжуулалтын эмгэг үүсчихвэл төрсөн хойноо яваандаа зүрхний хэм алдагдалтай болно. Саяхан над дээр нэг хүн ирж үзүүллээ. Тэр хүний зүрхний цохилтын тоо 20 болчихсон. Тэгээд та яагаад өнөөдрийг хүртэл эмнэлэгт үзүүлээгүй юм бэ гэж асуухад ухаан алдаж унаад аргагүйн эрхэнд ирлээ гэж байгаа юм. Ажил ихтэй болоод үзүүлж амждаггүй гэнэ. Ухаан алдаж унах хүртлээ бие нь доройтсон байхад тоогоогүй байгаа юм даа. Таны толгой хэзээнээс эргэж эхэлсэн юм гэж асуухад бараг таван жил болж байна гэж хариулж байна.

Би 2016 онд ирснээс хойш хүмүүсийг ажиглахад бид өөрсдийгөө л өвчлүүлээд байгаа ард түмэн юм байна гэж бодлоо. Ямар ч уурлах хэрэггүй газар уурлаж, хүнтэй муудалцаад стресстэж байна. Зүрх гэдэг тархи, бамбай булчирхай, дотоод шүүрлийн бүх л булчирхайнаас ялгарч байгаа цочрол болгонд хариу өгч байдаг мэдрэмтгий, цочимтгой эрхтэн. Хүн жаахан уурлангуут тархи нь допамин ялгаруулна. Ялгарах тоолонд зүрхэнд янз бүрээр нөлөөлж, гэмтээж байдаг. Хүн бусдын төлөө биш өөрийнхөө төлөө амьдардаг. Тиймээс өөрийгөө хайрла. Элдвийн муухай стрессээс аль болох зайлсхий. Хэрэггүй зүйлд уурлаж байдаг хүмүүс өөрийгөө энэ угаарын утаанаас ч илүү хордуулдаг.

-Ярилцлагын төгсгөлд уншигчдадаа зүрхний хэм алдагдах өвчнөөс сэргийлэх зөвлөгөө өгч болох уу?

-Хамгийн чухал нь дасгал хийх. Зүрхний хэм алдагдлаар огт өвдөхгүй байх боломжтой. Судалгаагаар насанд хүрсэн гурван хүн тутмын нэг нь зүрхний хэм алдагдлаар өвчлөх магадлалтай гэж гарсан байна. Энэ гурван хүн тутмын нэг нь дасгал хөдөлгөөн маш сайн хийвэл тэр хэмжээгээр нь огт өвдөхгүй байх боломж байна. Тогтмол хөдөлгөөнтэй хүмүүст зүрхний хэм алдагдал бага, өвдсөн ч гэсэн хурдан эдгэдэг. Тиймээс тогтмол дасгал, хөдөлгөөн хий. 30-40 насны иргэд зүрхний хэм нь алдагдаад хүрээд ирдэг л дээ. Тэгээд би байнга дасгал хийдэг, фитнесст явдаг гэдэг. Тэгээд ямар фитнесс хийдэг юм гэхээр төмөр өргөдөг гэж хариулдаг. Би бол төмөр өргөхийг дасгал хөдөлгөөн гэж боддоггүй. Яагаад гэвэл төмөр өргөхөд цээжний хөндийд хүчтэй даралт үүсгэдэг. Тэр тоолонд зүрх гэмтэж байдаг. Харин оронд нь усанд сэлж, дугуй унаж, гүйж, алхаж, иог, аэробик хийвэл дээр. Амьсгалын дасгал ч сайн.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: iToim.mn

Харвардын Анагаахын сургуулиас гаргасан даралт хэмжих зөвлөмж
Menu