Мэдээ

Төрөлхийн баруун байрлалтай зүрхэнд титэм судсан дотуур тэлэгч стенд суулгах мэс заслыг амжилттай хийжээ.

Улсын гуравдугаар төв эмнэлгийн Ангиографийн оношилгоо, эмчилгээний тасгийн зөвлөх эмч АУ-ны доктор, профессор З.Лхагвасүрэн ахлагчтай судсан дотуурх мэс засал эмчилгээний баг энэ сарын 15-нд төрөлхийн баруун байрлалтай зүрхтэй 57 настай эмэгтэйд титэм судсан дотуур тэлэгч стенд суулгах мэс заслыг амжилттай хийсэн. Мэс ажилбарын үед ямар нэгэн хүндрэл гараагүй бөгөөд эмчлүүлэгчийн биеийн байдал, эмчилгээний үр дүн сайн байгаа юм. Тус мэс заслын багийн ахлагч, Анагаах ухааны доктор, профессор зөвлөх эмч З.Лхагвасүрэнтэй ярилцлаа.

-Мэргэжлээрээ түмэндээ овоглогдсон, энэ цагийн нэртэй эмч нарын нэг бол та. “Ангио” Лхагвасүрэн гэж олондоо алдаршсан таныг олон хүнд зүрхний титэм судасны оношилгоо, эмчилгээний “Цагаан толгой” гэж ойлгодог. Мэргэжилдээ ийм гаргуун, нэвтэрхий толь шиг болоход танд олон сайхан багш нар зааж зөвлөж байсан байх. Энэ талаар хуучлахгүй юу?

-Би 1977 онд Анагаахын дунд сургуулиа төгсөөд Анагаах ухааны хүрээлэнд бага эмчээр ажлын гараагаа эхэлж байлаа. Монголын анагаахын шинжлэх ухааны зүрх судасны мэс заслыг үндэслэгч, анхны Төрийн шагналтнууд болох Т.Шагдарсүрэн, Ц.Бундан, Ё.Бодьхүү, Ж.Моондой, Р.Пүрэвээ багш нартайгаа хамтарч зүрхний хагалгааны дараахь өвчтөнг сахиж, сэхээний өрөөнд ажиллаж эхлэн сурсан даа. Тэр үед зүрхний мэс засал ид хөгжиж байсан учраас алтан үеийн эмч нарын удирдлагад ийнхүү ажиллаж, туршлага хуримтлуулсан. Ингээд би 1979 онд цэрэгт мордон хязгаарын цэргийн авто батальонд гурван жил хугацаат алба хааж байв. Халагдаж ирээд Анагаах Ухааны хүрээлэндээ буцаж орж зүрх сэтгүүрдэх шинжилгээний бага эмчээр, Ц.Бундан, Ж.Цог эмчтэй хамтран ажилласан.

Ингээд хоёр жилийн дараа буюу 1984 онд Анагаах ухааны их сургуульд суралцаж, 1990 онд төгслөө. Анагаах ухааны дээд сургуульд академич Рагчаа, мэс заслын П.Долгор багш, Арьсны эмч Ч.Долгор, Нүдний Р.Нямаа, Чих, хамар хоолойн Ч.Шагдар гээд олон сайхан багш нараар хичээл заалгаж байлаа. Анагаах ухааны А-г зааж байсан тэдгээр багш нар маань надад энэ хагалгааг хийх, ноён оргил өөд мацахад маш их нөлөөлсөн дөө. Ардын эмч Н.Баасанжав, Төрийн соёрхолт, академич Б.Гоош багш, Ардын эмч Ч.Пунцаг тэргүүтэй эмч нараар хичээл заалгасан минь зүрхний мэс заслын салбарт ангиографийн салбарын эмч болох замд минь маш том тус дэм болсон доо.

-Эмч, тэр дундаа хагалгааны эмч гэдэг зав зай маш муутай мэргэжил. Өнгөрөн одсон он цагуудад энэ өндөрлөгт хүрэхэд гэр бүлийн тань хүний тус дэм нэлээд хувь эзлэх байх?

-Манай эхнэр Харилцаа холбоо компанид ажиллаж байгаад одоо тэтгэвэрт гараад, ач зээ нараа хардаг ажилтай. Гэргий бид хоёр дөрвөн хүүхэдтэй. Гурав нь эмч мэргэжлийг өвлөж аваад явж байна даа. Зах зээлийн шуурганд хөөгдөж мэргэжлээсээ урваж шарвасангүй. Хэдий цалин багатай ч гэсэн зүтгэсээр байгаад өдийг хүрчээ. Тэгэхээр үнэхээр мэргэжилдээ хайртай дуртай байсан учраас цуцашгүй хүслээр зүтгэсэн. Манай үр хүүхдүүд ч мөн адил эмчийн мэргэжлийг сонгоод эрүүл мэндийн манаанд мятаршгүй хүчин зүтгэж байна.

-Хоёулаа гол сэдэв рүүгээ оръё. Төрөлхийн баруун байрлалтай зүрхтэй хүнд маш хүнд хагалгааг хийж чадлаа шүү дээ?

-Манай баг Монголд анх удаагаа зүрх нь баруун талдаа байрлалтай, дээр нь зүрхний шигдээсээр өвчлөөд удчихсан титэм судасны архаг бөглөрөлтэй өвчтөнд стенд буюу тэлэгч суулгаж судас тэлэх хагалгаа хийлээ. Өвчтөний хувьд Баянхонгор аймгаас ирсэн 57 настай эмэгтэй. Энэ хүн баруун талдаа зүрхтэй, дээр нь зүрхний шигдээсээр өвчлөөд удчихсан байсан. Ер нь дэлхий нийтэд баруун талдаа зүрхтэй тохиолдол ховор, 10 мянгаас 30 мянган хүн нэг төрдөг гэж бичсэн байсан. Бидний хийсэн энэ хагалгаа дэлхийд маш цөөхөн хийгдсэн. Хоёр, гуравхан тохиолдол бүртгэгдсэний нэг нь бидний хийсэн энэ хагалгаа юм билээ.

-Стенд тавих гэдэг нь хэр хүнд хагалгаа вэ. Манай эрүүл мэндийн салбар, эмч мэргэжилтнүүд иймэрхүү төрлийн хагалгаанд хэр туршлагатай вэ?

-Бид 2000 оноос хойш анх Монгол Улсад зүрхний шигдээс титэм судас оношилгоог 16 мянган хүнд хийгээд 8664 мянган хүнд стенд тавих эмчилгээг хийсэн байна. Стенд тавих гэдэг нь титэм судасны нарийслалыг онгойлгож тэнд нь хиймэл судсан хана буюу тэлэгч тавих хагалгааг хэлж байгаа юм. Энэ хагалгаа манай Монгол Улсад хийгдээд хорин жил болж байна. Энэ хугацаанд 16 мянган хүнд нэг тохиолдсон гэсэн үг.

-Эдгээр 16 мянган хүн дунд ийм баруун зүрхтэй хүн байсан уу?

-Ийм баруун зүрхтэй хүн хоёр удаа тохиолдсон. Нэгэнд нь стенд тавих шаардлагагүй, нарийсал байгаагүй хэвийн. Нөгөө хүн нь яах аргагүй зүрхний шигдээстэй болоод хоёр сар гаруй болчихсон. Зовуурь нь зүрхний шигдээсийн өөрчлөлттэй, амьсгаа давчдах, зүрхээр өвдөөд явж чаддаггүй орон нутагтаа эмчлүүлж байгаад ирсэн ийм хүнд хагалгаа хийснээрээ ховор тохиолдол болсон. Уг нь өвчтөнийг нээлттэй мэс заслаар хөлийн судаснаас венийн судас аваад судас залгах ийм хагалгааг хийх гэж төлөвлөж байсан боловч өвчтөний биеийн байдал хавсарсан өвчтэй, бамбай булчирхайны өөрчлөлттэй, даралт ихсээд олон жил болсон зэрэг өөрчлөлттэй байсан учраас судсан дотуурх мэс заслын аргаар эмчлэх шийдвэр гараад тэр дагуу хийсэн.

-Энэ төрлийн эмчилгээ юугаараа онцлог байдаг вэ?

-Наркоз өгдөггүй, судсан дотуур хийгддэг, зүсэлт гардаггүй, шарх үүсдэггүй, хэсгийн мэдээ алдуулалттай ийм эмчилгээ. Энэ эмчилгээг анх манайд Франц эмч нарын тусламжтайгаар үүсч хөгжөөд 20 жил өнгөрч байна. Зөвхөн манай Улсын гуравдугаар эмнэлгийн судсан дотуурх мэс засал эмчилгээний төвд гэхэд зүрхэнд, элгэнд, бөөрөнд, дэлүүнд ер нь бүх судас байдаг эрхтэнүүдэд хийгдсэн. Хуучин 20 жил хагалгаа хийсэн туршлага, өөрсдийнхөө суурь, дадлага дээр үндэслээд баруун талдаа зүрхтэй байсан, судас нь хэвийн бус байрлалтай, амсар нь өөрчлөгдөж гардаг учраас хагалгаа хийхэд энгийн бус ур чадвар шаардсан ийм хагалгаагаа хийсэн. Хагалгааны турш ямар нэгэн хүндрэл гараагүй. Өвчтөний биеийн байдал сайн. Хоёр хоногийн өмнө эмнэлгээс гарсан. Энэ хагалгаанаас гадна бид зүрхний, төрөлхийн гажгийг судсан дотор эмчилдэг.

-Манай улсад энэ төрлийн хагалгааг хийх олон аргыг та бүхэн нэвтрүүлж байгаа байх?

-Энэ титэм судасны эмчилгээ Монголд үүсээд 20 жил болох хугацаанд бид титэм судасны шигдээс өвчнийг эмчлэх маш олон аргуудыг нэвтрүүлсэн. Дээр үед судасны цохилт нь цөөрөөд, удааширчихсан өвчтөнийг түр зуурын зүрхний агшилтыг дэмжих аппарат тавьж байгаад стенд тавьж суулгах хагалгааг хийж байсан. Мөн нарийсал бөглөрлийн өөрчлөлттэй, хурц бөглөрөөд, бүр бүлэнгээр судас бөөгнөрчихдөг. Энэ тохиолдолд титэм судсан дотроос нь бүлэнг соруулж байгаад стенд тавих ийм хагалгаануудыг нэвтрүүлсэн. Энэ хагалгааг 2008 оноос эхэлж хийсэн. Мөн Шинжлэх Ухаан технологийн сангийн төслийн хүрээнд 2018 оноос зүрхний титэм судасны архаг шохойжилт, хатуурлын товруу үүссэн, шохойжилт үүсээд тэлэгдэхгүй болчихсон, стенд тавих боломжгүй ийм судсыг судсан дотуур нь өрөмдөөд стенд тавих Ротаблатор эмчилгээг анх удаа амжилттай хийсэн ба үүнийг нийтэд мэдээлээгүй илтгэл тавигдаж, АУ сэтгүүлд хэвлэгдсэн юм. Ингээд судсыг нь өрөмдөж, товруу шохойжилтыг арилган титэм судасны өвчин, шигдээсийг бүх талаар эмчлэх боломж бололцоо 20 жилийн хугацаанд манай улсад нээгдсэн. Сая ч гэсэн баруун талдаа зүрхтэй хүнд хоёр стенд тавьж, дөрвөн см-ийн бөглөрлийг нь онгойлгож стенд тавьсан нь онцлог эмчилгээ хийгдсэн. Мөн манай эмч нар зөвхөн өөрсдөө энэ эмчилгээг хийгээд байх биш 2008 оноос хойш ангиографийн эмч нарын курс нээгээд арван нэгэн хүн төгсгөсөн. 2017,2018 онуудад мөн 26 эмчийг бэлтгэсэн. Тэгэхээр Улсын Нэгдүгээр төв эмнэлэг, Улсын Хоёрдугаар төв эмнэлэг, Сонгдо мөн Анагаах ухааны дээд сургуулийн эмнэлгүүдийн боловсон хүчин бэлтгэх сургалтад хамрагдуулж энэ мэргэжлийн эмчээр төгсгөсөн нийт 50 гаруй мэргэжилтэн бэлтгэж Монгол Улсад олон газар нэвтрүүлж эхлэх бололцоотой болсон.

-Энэ талаарх судалгаануудын мэдээллийг өгөхгүй юү?

-Энэ зүрхний өвчин бол маш тархмал. Сүүлийн үед зүрх судасны өвчин Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар 2014 онд 12.2 хувь байсан бол 2030 онд 14.2 хувь болж өснө гэсэн тооцоолол байна. Манай Монгол Улсад зүрхний титэм судасны өвчин, шигдээс сүүлийн үед залуужиж байна. Олон хүн нэмэгдэж хүйсийн ялгаа байхгүй болж байгаа. Эрэгтэй, эмэгтэй гэлтгүй өвчилдөг болсон. 10 мянган хүнд хийсэн 2017 оны судалгаагаар 1114 өвчтөн байна гэсэн мэдээлэл бий. Цаашдаа энэ нь нэмэгдэж, зүрх судасны өвчлөл тэргүүлэх төлөвтэй байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас судалгаа ирүүлсэн.

-Титэм судсан дотуур тэлэгч стенд суулгах мэс заслын үнэ тариф нь хэр байдаг вэ?

-Тэгэхээр энэ өвчнийг бид Монгол Улсдаа эмчилдэг. Эмчилгээ бол эрүүл мэндийн салбар, Төр засгаас анхаарал халамж тавьсны хүчинд маш өндөр төлбөртэй эмчилгээ байсан. Гэтэл одоо бол эрүүл мэндийн даатгалаас 75 хувийг нь төлдөг. Үлдсэн хувийг нь өвчтөн даадаг болсон. 2015 оноос өмнө өвчтөн өөрөө бүх мөнгөө төлдөг байсан. Нэг стенд тавиулахад гурван сая гаруй төгрөг төлдөг. Хоёр стенд тавиулбал зургаа, долоон саяыг төлдөг байсан бол 2015 оны долдугаар сараас эхлээд Эрүүл мэндийн даатгалаас өндөр өртөгтэй эмчилгээнд хамруулснаас нэг стенд тавиулахад өвчтөн 300 гаруй мянган төгрөг төлдөг болсон.

Мөн бид өөрсдийн бололцоо, нөхцөл байдалд тулгуурлаад дэлхий нийтийн түвшнээс хоцрохгүйгээр 20 жилийн хугацаанд хөгжиж байгаа боловч үнэхээр эрчимтэй сайн хийгдэж байгаа гэж боддог.

Эх сурвалж: Өдрийн сонин / С.ЛХАМСҮРЭН

Menu