Монгол Улсын эрүүл мэндийн сайдын А/286 дугаар тушаалаар “Насанд хүрэгсдийн артерийн гипертензийн эмнэлзүйн заавар”-ыг шинэчлэн баталлаа. Энэхүү зааврыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Америкийн зүрхний эмч нарын нийгэмлэг, Зүрхний холбоо, Европын гипертензийн нийгэмлэг, Зүрхний эмч нарын нийгэмлэгийн эмнэлзүйн удирдамжуудад дурьдсан оношилогоо, эмчилгээний арга, аргачлал, техник технологийг тусган шинэчлэн боловсруулжээ.
Тус зааврын зорилго нь урьдчилан сэргийлэлт, оношилгоо, менежментийг сайжруулан зөв, оновчтой явуулж, зүрх судасны өвчинд өртөх эрсдэл, өвчлөл, хөдөлмөрийн чадвар алдалт, нас баралтыг бууруулахад эмч, эмнэлэгийн мэргэжилтнийг мэргэжил, арга зүйгээр хангахад оршино.
Артерийн гипертензийн эмнэлзүйн зааварт “Хамгийн багадаа 2-3 удаагийн ирэлтийн үзлэгт гурван удаагийн хэмжилтээр СД 130 мм МУБ буюу түүнээс дээш ба ДД 80мм МУБ буюу түүнээс дээш байхыг артерийн гипертензи гэнэ” хэмээн шинээр тодорхойлсон нь артерийн гипертензийг эрт илрүүлэх, эмэн эмчилгээг оновчтой сонгох, эхлүүлэх, хянах, хүндрэлээс сэргийлэх, хөдөлмөрийн чадвар алдалт, нас баралтыг бууруулахад чухал ач холбогдолтой хэмээн үзэж байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Монголын Зүрхний холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга АУ-ны доктор Д.Нарантуяа, Эрүүл зүрх – Эрүүл Улаанбаатар хөтөлбөрийн мэргэжлийн зөвлөхүүд болох АШУҮИС-ийн дотрын анагаахын нэгдүгээр тэнхимийн эрхлэгч Ө.Цолмон, Өрхийн тэнхимийн эрхлэгч Д.Мягмарцэрэн, УНТЭ-ийн Зүрхний тасгийн эрхлэгч Б.Батболд нар орж, хамтран боловсрууллаа.
Шинэчлэгдсэн эмнэлзүйн зааврыг ЭНД дарж татаж авна уу!