Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, “Оном сан”, Швейцарь улсын “Новартис сан”-гаас хамтран хэрэгжүүлж буй “Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Баянгол, Багахангай, Налайх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд даралт хэмжих багаж гардуулах үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдсан билээ.
Тус дүүргүүдийн өрхийн эрүүл мэндийн төвүүд даралт хэмжих багажаа хүлээн авснаар энэхүү “Майкролайф” брэндийн цусны даралт хэмжих багажаар иргэдэд үйлчилж байна.
Тэгвэл өнөөдөр Хан-Уул дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүд даралт хэмжих багажаа хүлээн авлаа. НИХ-ын тэргүүлэгч Н. Байгалмаа, НИХ-ын төлөөлөгч Ё. Цацралтуяа, НИХ-ын төлөөлөгч П. Батчимэг, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О. Энхзаяа, ХУД-ийн эрүүл мэндийн төвийн дарга Э. Бодьцэцэг, “Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар” хөтөлбөрийн удирдагч Т.Хулан, Төслийн менежер С.Дулмаа болон Хан-Уул дүүргийн 17 өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нар оролцлоо.
ӨЭМТ-үүдэд өгсөн “Майкролайф” брэндийн цусны даралт хэмжих автомат аппарат нь гурван удаагийн хэмжилтийг дараалан хийж дундаж үзүүлэлтийг гаргах боломжтой, ухаалаг гар утсанд суулгах эрүүл мэндийн аппликейшнтай, Bluetooth холболт ашиглан мэдээллийг шилжүүлж, хянах, зүрхний тосгуурын чичиргээг өндөр нарийвчлалтай мэдэрдэг олон давуу талтай ажээ. Ингэснээр ӨЭМТ-үүд цусны даралт ихсэх өвчнийг эрт илрүүлэх, хянах бүрэн боломжтой болж байгаа юм.