МэдээЭрүүл зүрх - Эрүүл Монгол

СОНГИНОХАЙРХАНЧУУД ДАРАЛТТАЙ ТЭМЦЭХ ДАДАЛД СУРАЛЦАЖ БАЙНА

Зүрх судасны өвчний гол эрсдэлт хүчин зүйл болсон цусны даралт ихсэлтийн хяналтыг сайжруулах зорилгоор Швейцарийн Новартис сангийн санхүүжилтээр олон улсын “Better Hearts-Better Cities”хөтөлбөрийг Оном сан Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран Улаанбаатар хотноо хэрэгжүүлж байна. “Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн бүх ӨЭМТ-үүдийн 1000 орчим эмч, сувилагч, нийгмийн ажилтануудыг нийслэлийн иргэдийг цусны даралт ихсэлтээс урьдчилан сэргийлэх, тусламж үйлчилгээний менежментийг чанаржуулах, хяналтыг сайжруулах зорилгоор “Артерийн гипертензийн менежментийг бэхжүүлэх” сургалтад хамруулж баталгаатай даралт хэмжих багажаар хангасан юм. Энэхүү сургалтанд хамрагдсан ӨЭМТ-үүдийн заримаар нь орж эмч сувилагч нараас тус сургалтын бодит үр дүн болон хэрэгжилтийн талаар тодрууллаа.

СХД-ийн 3-р хорооны “МИЧИД-УНДРАГА” ӨЭМТ-ийн эмч Т.Бат-Эрдэнэ

 

 

СХД-ийн 3-р хорооны “МИЧИД-УНДРАГА” ӨЭМТ нь 6 эмч, 6 сувилагчтайгаар ажиллаж тус хорооны 2510 гаруй өрхийн 11365 иргэнд эрүүл мэндийн анхан шатны болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

 

-Сайн байна уу? Зүрх судасны өвчний гол эрсдэлт хүчин зүйл болсон цусны даралт ихсэлтийн хяналтыг сайжруулах зорилгоор “Эрүүл зүрх- Эрүүл Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн бүх ӨЭМТ-үүдийн 1000 орчим эмч, сувилагч, нийгмийн ажилтануудыг “Артерийн гипертензийн менежментийг бэхжүүлэх” сургалтад хамруулсан байдаг. Тэгвэл танай эмнэлгийн хувьд энэ сургалтын үр дүн хэр байна?

 Манай эмнэлгийн хувьд энэ сургалтын үр дүнд цусны даралт ихсэлтийн эрт илрүүлэг болон үйлчлүүлэгчдэд өгөх зөвлөгөө мэдээлэл эрс сайжирсан. Цусны даралт ихсэлттэй хүмүүст амьдралынхаа буруу хэвшлийг өөрчлөх зөвлөгөө өгөх, даралт ихсэлтээс урьдчилан сэргийлэх болон тогтворжуулах талаар тодорхой мэдлэг олгох боломжтой болсон л доо. Мөн бид дээрх сургалтаар сурсан цусны даралтыг хэмжих үед баримтлах 8 зөвлөмжийг өдөр тутам баримталж байна.

 

-Танай өрхийн эмнэлгээс нийт хэдэн хүн энэ сургалтад хамрагдсан бэ?

– Энэ сургалтад манай эмнэлгийн 6 эмч хамрагдсан. Нэг эмчид ногдох цусны даралт ихсэлттэй хүний тоо харилцан адилгүй байдаг. Нэг эмчид дунджаар 100-гаад идэвхитэй үйлчлүүлэгч ногддог. Тэдгээр хүмүүс даралтаа тогтмол хянуулж, эмээ тогтмол ууж, ирж бичүүлж авдаг. Манай эмнэлэг дээр цусны даралт ихсэлт болон чихрийн шижингийн эрт илрүүлэг явагддаг. Энэ илрүүлгийн үеэр иргэдэд сурталчилгаа мэдээлэл хийж байхдаа цусны даралтыг хэмжих, урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулдаг юм. Дүүргийн нарийн мэргэжлийн эмч нар ирж үзлэг хийдэг. Энэ үеэр цусны даралт ихсэлттэй гэж сэжиглэгдсэн хүмүүсийг тэмдэглэж аваад холбоо тогтоож цаашдын эмчилгээ үйлчилгээнд хамруулдаг.

 

-Сургалтын дараа танай ажлын үр дүнд ямар ахиц гарч байна?

 Өрхийн эмнэлэг болон үйлчлүүлэгч хоорондын хандалт ихэссэн. Мөн Оном сангийн мэдээлэл сурталчилгааны дагуу ирж үзүүлж байгаа хүмүүсийн тоо ч нэмэгдсээр байна. Зорилтот бүлгийн 18-аас дээш насны бүх хүмүүсийн даралтыг хянаж байгаа болохоор цусны даралт ихсэлтийг эрт үед нь илрүүлэх боломж тэр хэрээр сайжирч байна. Цусны даралтыг хянахад тулгардаг гол асуудал нь үйлчлүүлэгч өөрөө өөрийнхөө цусны даралтыг хянах буюу артерийн даралтыг хянах мониторингийн боломж нь тун тааруу байдаг. Эмнэлэг дээр ирж үзүүлж байгаа хүмүүсийн цусны даралтын мэдээлэл эргэлзээтэй, бодит байдлаас зөрүүтэй гарах нь бий. Зарим тохиолдолд хуурамчаар цусны даралт ихсэлттэй гардаг ч хоногийн мониторингоор артерийн даралт хэвийн гараад ирдэг. Үүнийг цагаан халаадны гипертенз гэдэг л дээ. Энэ нь даралт ихсэлтийн тодорхой хувийг эзэлдэг учраас цусны даралт ихсэлттэй хүмүүс өөрөө өөрийнхөө даралтыг тогтмол хянах зөв хандлагууд бас нэмэгдэж байна. Нэг үеэ бодвол иргэд өөрсдийгөө хянахын тулд гартаа зүүдэг овор багатай автомат аппаратуудыг ихээр ашигладаг болсон. Эмч мэргэжилтнүүд ч үүнийг зөвлөдөг болсон.

 

-Танай эмч нарын зүгээс цусны даралтыг зөв оношлох 8 зөвлөмжийг хэр өгч байна. Энэ зөвлөмжийг иргэд чухам хэр хүлээж авч байна вэ?

– За ер нь тун нааштай хүлээж авч байгаа шүү.

 

-Танай эмнэлэгт өгсөн цусны даралт хэмжих аппаратын хэрэглээ, үр дүн ямар байна?

Tийм ээ. Манай эмнэлгийн эмч сувилагч бүр ийм аппараттай болсон. Манай эмнэлгийн тухайд энэхүү аппарат дээр тусгайлан нэг хүнийг томилж 18-аас дээш насны бүх хүний даралтыг үзэж байгаа даа. Хэрвээ үйлчлүүлэгч үүдэнд байгаа аппаратанд хэмжүүлж амжилгүй эмч рүү орвол тухайн эмч сувилагч даралтыг нь заавал үзэж байгаа.

 

-“Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд тус сургалтад хамрагдсан эмч сувилагчдын зүгээс танай хороонд хамаарах эм зүйч болон хорооны нийгмийн ажилтнуудад зориулж цусны даралт ихсэлтийг багасгах зорилгоор анхан шатны сургалт зохион байгуулсан уу?

 Анхан шатны мэдээлэл өгч байгаа. Гэхдээ одоогоор хараахан албан ёсны сургалт зохион байгуулаагүй байна.

 

-Хариуцлагатай үйлчлүүлэгч буюу даралтаа тогтмол хянуулдаг, өөрийнхөө эрүүл мэндэд байнга анхаарч санаа тавих үүргээ сайн биелүүлдэг хүмүүсийг олон болгохын тулд танай эмнэлгээс бодитой ямар ажил хийж байна вэ?

– Тийм хүмүүс ер нь байдаг. Хооллолтондоо анхаардаг, өглөөд дасгал хөдөлгөөн хийдэг, ийм хүмүүсээ бид эрүүл мэндийн идэвхтэнээр авч бүлгэм үүсгээд байгаа. Гудамж бүрт нэг гэж бодоход 10 гудамжтай гэвэл нийт 10 идэвхтэнтэй. Эдгээр хүмүүс эмчийн ажилд туслахаас гадна гудамжныхаа артерийн даралт ихсэлттэй, эсвэл бусад өвчтэй хүмүүсийн талаар бүлгэмээрээ дамжуулан мэдээлэл өгч байна..Эмнэлгийн зүгээс зар тараалаа гэхэд бүх эрүүл мэндийн идэвхтнээрээ дамжуулаад иргэддээ хүргэх зарчмаар ажилладаг. Ийм хүмүүсийг улам нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Мөн хоногийн мониторинг чухал шаардлагатай байна.

 

-Иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө сэтгэл гарган цаг завгүй ажиллаж буй танай хамт олонд баярлалаа.

Б.Баярчимэг

Налайх, Багахангай дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд шинэ багаж тараалаа
Йогийн гайхамшигт дасгал
Menu