МэдээТархины харвалт

Бага тархины цус харвалт гэж юу вэ? Сэргээн засах эмчилгээний талаар

Бага тархи нь дагзны хэсгийн ар дор байрладаг зориудын хөдөлгөөний эвсэл, уялдаа холбоо, хэмжил, хөдөлгөөний тэнцвэрийг зохицуулах үүрэгтэй юм. Бага тархины цус харвалт нь тархины цус харвалтын нэгэн адил тархины тэжээгч судасны хатуурал, артерийн даралт ихсэлт, зүрхний өвчин, судасны эмгэг  шалтгаантай байдаг бөгөөд  бага тархийг цусаар хангах судас хагарч цусан бүлэн тогтох механизмаар үүсдэг өвчин юм. Бага тархинд цус харвахад толгой өвдөх, ухаан алдах, явах зогсох тэнцвэр алдагдах, мэдрэхүй буурах, хахаж цацах  гэх мэт шинж илрэхийн зэрэгцээ  бага тархины цус харвалтын онцлог шинж тэмдэг гарч ирдэг. Үүнд :

-Нүд эрээлжлэн, толгой эргэх

-Нарийн чиглүүлсэн хөдөлгөөний чадвар алдагдана. /зүү сүвлэх, бичгийн хэв том болж өөрчлөгдөх/

-Хэл яриа ээдрэх, буруу зөрүү ярих

-Үйл хөдлөлийн орон хэмжил алдагдана.

-Нүдний алим чичигнэх

-Чиглэсэн үйлдэл хийхэд гар салганаж, мөчдийн хүч сулрах

-Согтуу юм шиг гуйвж, ярих

Тархинд цус харвалтаас болж гар хөлд үлдэц саажил тохиолддог.  Өдөр тутмын өөртэй үйлчлэх чадвар алдагдаж, хүний асрамжинд ордог. Гэхдээ харвалтын дараах эхний 6 сард сэргээн засах, дасгал хөдөлгөөн хийвэл үйл ажиллагаа сэргээх бүрэн боломжтой.

Тэгвэл бага тархины харвалтын дараа ямар дасгал хөдөлгөөн хийх вэ?

Бага тархи нь хоёр тал бамбөлөг, өтөнцөр гэсэн бүтэцтэй байдаг ба бага тархины баруун тал бөмбөлөг гэмтэхэд баруун гар хөлний хөдөлгөөний тэнцвэрт өөрчлөлт ордог. Тиймээс сэргээн засах тусламжийг гэмтсэн хэсэгт хандуулан явуулах шаардлагатай. .

Чиглэсэн нарийн үйлдлийг олон дахин хийх дасгал

​Тал бөмбөлөгийн нэг тал гэмтэхэд алхах, шатаар өгсөх, уруудах, үед чиглэсэн хөдөлгөөнийг эхлүүлж, зогсоох, жижиг зүйлийг газраас авах гэх мэт үйлдэл хийхэд гүйцэтгэж чаддаггүй. Тийм тохиолдолд чиглэсэн нарийн хөдөлгөөнийг олон дахин давтах дасгалыг зөвлөдөг. Үүнд шүдэнзний мод асгаад түүх, хуруунуудаа солбицон нийлүүлэх  гэх мэт.

Эмгэгтэй талын мөчдийн  тайван байдлыг хангах

​Аливаа зүйлийг гараар барих хөдөлгөөн хийхэд гар салганах тохиолдолд хүндрүүлэгч зүүж дасгалаа үргэлжлүүлэхийг зөвлөдөг. Алхах үед бэрхшээлтэй бол эрээн булчин, шагайн үеийг хамарсан тогтворжуулагч үе хамгаалагч зүүж хөдөлгөөн хийх нь үр нөлөөтэй  байдаг. 

Биеийн тэнцвэр тогтоох дасгал 

​Гар хөлөнд чиглэсэн дасгал хичнээн хийсэн ч ерөнхий биеийн тэнцвэр алдагдсан байдаг учир нэгдмэл  хөдөлгөөн хийхэд бэрхшээлтэй болдог. Тиймээс мөчдийн булчин, их биеийн булчинг хамарсан нэг шугаманд удаан барих, тэнцвэрийн дасгал хөдөлгөөнийг хийх хэрэгтэй.

Эмчилгээний электрон цочруулын арга 

​Булчингийн сэрэх чанарыг цахилгаан  цочруулын тусламжтайгаар сайжруулах эмчилгээний арга байдаг. Булчингийн хүч сулрах, хөдөлгөөний үед оролцох тохирсон булчингийн хүч гарахгүй үед биеийн гаднаас цахилгаан цочруулаар сэдээж хөдөлгөөнийг  сайжруулах сэргээн засах эмчилгээний арга юм. Эдгээр дасгалуудыг олон дахин давтан хийснээр бага тархины үйл ажиллагааг дахин сэдээж сэргээх сайжруулах үр нөлөөтэй байдаг.

Бага тархины харвалтын дараа илэрхий саа саажил байхгүй ч гэлээ биеийн тэнцвэр алдагдсанаас болж хөдөлгөөн хийхэд бэрхшээлтэй. Аль хэсэг нь эмгэгт өртсөнөөс хамаараад шинж тэмдэг нь харилцан адилгүй учраас мэргэжлийн эмчтэйгээ зөвлөлдсөний үндсэн дээр эмчилгээг үргэлжлүүлэх хэрэгтэй.

“Цусны даралт ихсэх өвчний хяналтыг сайжруулахад эмзүйчдын оролцоо сэдэвт” сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Цусны даралт ихсэлт тархийг өвчлүүлдэг
Menu