МэдээЭрүүл зүрх - Эрүүл Монгол

АУ-ны доктор, Ц.Намхайдорж иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өглөө.

Эрүүл Зүрх – Эрүүл Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд Артерийн даралт ихдэлттэй өвчтөнүүдэд АУ-ны доктор, УБ Сонгдо эмнэлэгийн зүрх судасны эмч Ц.Намхайдорж Оном сангийн байранд ирж иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өглөө.

Улаанбаатар Сонгдо эмнэлгийн зүрх судасны их эмч Ц.Намхайдорж  даралт ихсэх өвчин болон зүрх судасны өвчлөлийн талаархи иргэдээс ирсэн асуултад хариулж, зөвлөгөө өгснийг хүргэж байна.

-Хүмүүс маш олон төрлийн даралт ихсэх өвчний талаар ярьдаг. Цусны, бөөрний, нүдний даралт гэдэг. Үүнийг яаж ангилж, даралт ихсэх өвчин юунаас үүдэлтэй байгааг хэрхэн мэдэх вэ?

-Иргэд даралт ихсэх өвчний талаар маш их ярьдаг. Даралт ихсээд байна гэхээр нь бөөрний гаралтай юм байна тэр эмийг ууна гэж ярьдаг. Анагаах ухаанд даралтыг хоёр хуваадаг. Анхдагч даралт, хоёрдогч даралт гэж. Хүн эхээс төрөөд 4,5 жилийн дараа судас татуурах шинж тэмдэг илэрч, 50, 60 нас хүрэхэд судас хатууралт эрчимтэй явагдаж, даралт ихсэх магадлал өндөр болдог. Энэ нь ихэнх хүнд байгалийн жамаар үүсдэг учраас анхдагч даралт гэж нэрлэдэг юм. Өнөөдөр 70, 80 настай хүний даралт ихсэхгүй байх магадлал тун бага байна. Гэхдээ 70, 80 настай ч даралт нь ихэсдэггүй, өөртөө анхаардаг хүмүүс бий. Байнгын дасгал, хөдөлгөөн хийж, илүүдэл жингүй, амьдралын зөв хэв маягтай хүмүүс даралтны эм уудаггүй. Хоёрдогч даралт гэдэг нь ямар нэгэн шалтгаантай байдаг. Дотоод шүүрэл, төрөл бүрийн судаснууд, бөөр, бөөрний дээд булчирхай зэрэг маш олон шалтгаанаас үүдэлтэй байдаг. Үүнийг маш нарийн шинжилгээ хийж тогтоодог. Анхдагч даралтыг хянана л гэсэн ойлголт байдаг. Харин эмчлэгддэггүй. Насан туршдаа даралтны эм уудаг шалтгаан ердөө л энэ. Залуу хүний даралт ихсээд эм уугаад тогтвортой байлгаж цаашлаад амьдралын буруу хэв маягаасаа салж, стресстэхгүй байвал эмээ зогсоож болдог. Харин эм уухаа болиход даралт эргээд ихсээд байвал байнга эм уух ёстой. Учир нь, даралтыг савлуулж болдоггүй. Өнөөдөр иргэдийн ихэнх нь даралтаа ихсэхээр эм ууж байгаад зовиургүй болсных нь дараа даралт буучихлаа гээд эмээ уухаа болчихдог. Даралтаа эмээр гэнэт буулгаж, ихэсгэх нь буулгаагүй байхаасаа эрсдэлтэй. Тиймээс даралтны эмийн тунгийг нь тааруулж тогтмол ууж, даралтаа хянах нь хамгийн зөв арга.

Хоёрдогч даралт бол эмчлэгдэх боломжтой. Хамгийн гол нь шалтгаан юунаас байна гэдгийг зөв тодорхойлсон тохиолдолд эмчлэгдэнэ. Хэрвээ бөөрний судас нь нарийсч, түүнээс болж даралт ихэсч байгаа бол бөөрний судас тэлэх эмчилгээг хийвэл даралт тогтворжино. Бөөрний дээд талд байгаа хавдраас болж даралт ихсээд байвал мэс заслаар хавдрыг авчихвал даралт тогтворжино. Энэ мэтчилэн хоёрдогч даралтын шалтгааныг нарийн шинжилгээгээр тогтоож эмчилнэ. Түүнээс бус иргэдийн ярьснаар бөөрнөөс болж байна гээд дур мэдэн эм, тариагаар үйлчилж огт болохгүй. Хоёрдогч даралтыг нарийн мэргэжлийн эмчээр тодорхойлуулж, зөв эмчилгээг хийлгэх ёстой.

-Даралтны маш олон төрлийн эм байдаг. Түүнээс чухам алийг нь сонгож хэрэглэх вэ?

-Хүнд эм, хүчтэй эм, хөнгөн эм гэсэн ойлголт байхгүй. Харин тохирсон эм гэдэг ойлголт л байх ёстой. Даралтыг буулгахаас гадна бусад эрхтэнг нь хамгаалдаг, нарийн мэргэжлийн эмчийн зөвлөсөн, өөрт тохирсон эмийг л хэрэглэх ёстой. Хамгийн гол нь анхдагч даралт уу, хоёрдогч даралт уу гэдгээ тодорхойлж, эмчийн заавраар эм хэрэглэнэ.

-Тамирчдын хувьд хэт их ачаалал өгснөөс болж зүрх өвдөх, томрох шинжүүд гарч байна. Энэ юутай холбоотой вэ?

-Тамирчдын хувьд хоёр асуудал байдаг. Нэгд, бэлтгэл хийж байна гээд төрөл бүрийн нэмэлт тэжээл, уураг, судас тэлэгч маш их хэрэглэдэг. Энэ нь зүрхийг нэг талдаа өвчлүүлдэг. Маш буруу гэсэн үг. Монголын тамирчдын хувьд энэ асуудалд мэргэжлийн зөвлөгөө өгдөг, хянадаг эмч, байгууллага гэж байдаггүй. Тиймээс нэгээсээ сонссоноо нөгөөдөө дамжуулан төрөл бүрийн нэмэлт тэжээл уудаг, дусал хийлгэдэг. Үүнээс үүдэж зүрх тэлдэг. Хоёрт, маш их ачаалалтай ажиллаж байсан зүрх зузаардаг. Зузаарсан үедээ спортоо огцом хаявал гэнэт таргалдаг. Хэрвээ спортоо орхисон ч хэвийн дасгалаа хийгээд явбал эрүүл мэндэд асуудал үүсдэггүй. Гол нь ихэнх тамирчид спортоо орхисны дараа архи, тамхи ихээр хэрэглэж, нойр хоолгүй олон хоног стресстдэж, зүрхэнд эрсдэл өндөр болж эхэлдэг. Тэгэхээр их ажиллаж байсан зүрх эсрэгээрээ хурдан муудах аюултай. Цаашид манай улс зөвхөн тамирчдад зориулсан эмнэлгийн байгууллага, тусгай мэргэшсэн эмч нартай болох ётсой.

-Судасны хатуурлыг эмчилдэг сүүлийн үеийн технологийн эмчилгээ Монголд нэвтэрсэн үү?

-Судасны хатуурлыг эмчилдэг хоёр төрлийн эмчилгээ байдаг. Титэм судсанд хурц шигдээс болоход бүлэн үүсдэг. Үүнийг соруулах эмчилгээг Монголд хийж байгаа. Хоёрт, судас хатуурч, тов руу үүссэн байхад нь авдаг эмчилгээ одоохондоо Монголд нэвтрээгүй байна. Дэлхийн дахинд энэ эмчилгээг хийж байгаа.

АУ-ны доктор, Зүрх судасны эмч Ц.НАМХАЙДОРЖ

-Та зүрхний шигдээсээс сэргийлэхийн тулд цусаа шингэн байлга гэсэн. Цусаа хэрхэн шингэлэх вэ?

-Хүний цус өтгөрдөг. Давсны хэрэглээ өндөр, илүүдэл жинтэй, сахартай, шээсний хүчил ихтэй, цөс өтгөрснөөс үүдэж судас хатуурч, цус өтгөрдөг. Цус өтгөн байна гэхээр иргэд аспирин ууж, цусаа шингэлнэ гэж ойлгодог. Аспирин уугаад хамраас нь цус гарвал цус шингэрлээ гэж ойлгодог. Аспирин цус шингэлдэггүй. Харин ямар нэгэн байдлаар судас гэнэтийн цус алдахад түүнийг тогтоох үйлчилгээтэй эм. Тэгэхээр аспирин бол титэм судасны өвчнөөс анхдагч урьдчилан сэргийлэлт биш. Анхдагч урьдчилан сэргийлэлт гэдэг нь тухайн хүн өөрт нь эрсдэл байна гэдгээ мэдэх юм. Илүүдэл жинтэй, тамхи татдаг бол цус өтгөрөх эрсдэл өндөр байна гэсэн үг. Өөрт байгаа эрсдэлээ багасгаж тамхи татахгүй, жингээ хасах хэрэгтэй. Түүнээс аспирин уугаад цусаа шингэлж байна гэж эндүүрч болохгүй.

Харин титэм судас нь тодорхой хэмжээгээр нарийссан, эсвэл даралт байнга ихсээд байгаа бол аспирин заавал уух ёстой. Учир нь, зүрхний шигдээс, харвалт өгөхөөс урьдчилан сэргийлж байгаа юм.

Цус шингэлэх арга гэвэл Монголчууд дээр үеэс цусаа ханаж шингэлж ирсэн. Цус ханах нь монголчуудад тохирсон сайн эмчилгээ. Эмэгтэйчүүдийн хувьд нөхөн үржихүйн насандаа цус ханах шаардлагагүй. Учир нь сарын тэмдгээрээ цусаа шингэлж, шинэчилж байдаг. Эмэгтэйчүүдийн урт насалдаг шалтгаан нь ердөө цус шингэн байдагтай холбоотой. Харин эрчүүдийн хувьд, тэр дундаа илүүдэл жинтэй, бодисын солилцоо асуудалтай хүмүүс цусаа хануулж байхад буруудахгүй. Гэхдээ эмчийн хяналтад хануулж байх ёстой. Цусны шинжилгээгээр гемалоген, гематогений хэмжээ өндөр байвал цус өтгөн байгаа анхны шинж. Үүнээс гадна маш олон шинжилгээг хийлгэж цус өтгөрсөнийг тодорхойлдог.

-Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүд маш их байдаг. Эдгээр хүүхдүүдэд ямар эм, эмчилгээг хийх вэ?

-Зүрх төрөлхийн цоорхой төрөх тохиолдол Монголд цөөнгүй бий. Монголд хоёр жилийн өмнөөс зүрхний төрөлхийн цоорхойг бөглөх мэс ажилбарыг хийж эхэлсэн. Өмнө нь зүрхийг нээгээд, зогсоож байгаад оёж энэ хагалааг хийдэг байсан бол хоёр жилийн өмнөөс тухайн хүнийг бүрэн унтуулахгүйгээр хэсгийн мэдээ алдуулж судсан дотор мэс ажилбарыг хийдэг болсон. Энэ бол маш том амжилт. Хамгийн гол нь зүрхний төрөлхийн гажиг нь хэдэн настайдаа оношлогдов, ямар өөрчлөлт өгсөнөөс болж мэс ажилбар хийлгэх шаардлагатай байгааг нарийн мэргэжлийн эмчид хандаж, оношоо зөв тогтоолгосны дараа хийлгэх ёстой.

-Зүрх судасны өвчинтэй хүн амьтны гаралтай өөх тос идэхгүй байх хэрэгтэй гэдэг. Энэ зөв үү?

-Ямар ч зүйл хэмжээ хязгаартай. Хэрвээ хэмжээ нь ихдэх эсвэл багадах юм бол буруу болдог. Өөх тос огт хэрэглэхгүй байх, хэтрүүлэн хэрэглэх нь хоёулаа сөрөг нөлөөтэй. Тодорхой хэмжээ гэдэг нь цусан дахь өөх тосны хэмжээг хэвийн хэмжээнд л барих хэрэгтэй. Монголчуудын амьдралын хэв маяг өнөөдөр өөрчлөгдсөн. Монголчууд бүгд л нүүдлийн мал ахуй эрхэлж хатуу ширүүн уур амьсгалд зохицож амьдрахад идэж хэрэглэж байсан зүйлс нь түүндээ тохирсон байсан. Одоогийн ийм нөхцөл, орчинд тэр хоол хүнс хэвээрээ байгаад байвал болохгүй. Дагаад өөрчлөгдөх хэрэгтэй. Одоо дулаан байранд амьдарч, биеийн хүчний хөдөлмөр эрхэлдэггүй хүмүүс тэр их өөх тосыг хэрэглээд байвал болохгүй. Гэхдээ тодорхой хэмжээнд тааруулж хэрэглэх хэрэгтэй. Хүний биеийн бүх эс өөхөн давхаргатай байдаг. Өөх тос бол маш их энергийн эх үүсвэр байдаг. Хэт хориглох нь цөсний чулуу үүсэх, тэнэгрэлийг мөн хавдрын эрсдэлийг ч нэмэгдүүлдэг гэсэн судалгаанууд ч байдаг. Тиймээс зохистой хэрэглэх хэрэгтэй.

-Зүрхний өвчтэй хүмүүсийг шингэн уухыг заримдаа хориглодог. Шингэний зохистой хэрэглээ ямар байх ёстой юм бэ. Шингэний дутагдалд ямар үед ордог вэ?

-Шингэний баланс маш чухал. Ялангуяа зүрхний өвчтэй хүнд илүү хамаатай. Зүрхний дутагдалтай бол заавал шингэний баланс баримтлах шаардлагатай. Учир нь зүрхний дутагдалтай бол шингэнийг хорьдог. Их шингэн уугаад байвал хавагнаж, хий ханиалгаж бөглөрөх гээд байдаг. Зүрхний агшилт муудаж, шингэнийг эргүүлдүүлж чадахаа больдог. Үүн дээр нь ачаалал нэмж их шингэн уугаад байвал зүрх улам мууддаг гэсэн үг. Харин зүрхний ямар нэгэн асуудалгүй бол шингэн их хэмжээгээр ууж байх ёстой. Учир нь, хүний биед шингэн багадаж, дутагдалд орсноор эрдсийн алдагдалд ордог. Бөөрний ямар нэгэн асуудалгүй бол хүний бие шингэнээ балансалж чаддаг. Илүү шингэн хэрэглэвэл бие өөрөө зохицуулаад гаргачихна. Гэтэл хүний биеийн эд эрхтнүүд доголдоход шингэний баланс заавал барихыг шаарддаг. Шээсний гарцаар нь шингэний балансыг барьдаг. Хоёр литр шингэн уугаад нэг литр шээс гарч байгаа бол үлдсэн нэг литр нь биед үлдэж байна гэсэн үг. Энэ бол хавагнах гол шалтгаан. Тиймээс шээс, уух шингэн хоёрыг баланслуулах хэрэгтэй. Ямар өвчнөөс үүдэж шингэний баланс алдагдаж байгааг эмч шинжилгээгээр тогтоодог.

Ярилцлагын эх сурвалж: iToim.mn

Зүрхний хэм алдагдлын шалтгаантай тархины судасны шигдээсээр яагаад эмэгтэйчүүд илүү өртдөг вэ?
Харвалтыг хэрхэн оношлох вэ?
Menu