Чихэр, сүү, жимс үр тариа зэрэг хүнсний бүтээгдэхүүнд нүүрс ус их агуулагддаг. Хүний бие махбодь нүүрс уснаас эрч хүч энергээ нөхөж авдаг. Мөн бусад олон төрлийн хоол хүнснээс цусны сахар ихэсдэг. Иймд өөрт тань хэдий хэмжээний нүүрс ус хэрэгтэйг хоолны эмчтэй тооцон олох нь чухал. Цусан дахь сахарын хэмжээг ихэсгэхгүйн барихын тулд нүүрс усны тооцоог гаргадаг. Нүүрс усыг хэмжих нь хоол болон хөнгөн зууш ямар хэмжээтэй хэрэглэхийг хэлж өгнө. Чихрийн шижинтэй өвчтөнд тодорхой хэмжээний нүүрс ус агуулсан бүтээгдэхүүн зайлшгүй шаардлагатай. Хоногт авах нүүрс усны хэмжээг тооцоход талхан нэгж гэсэн хэмжигдэхүүн чухал ач холбогдолтой. Нэг талхан нэгж нь 12-15 гр шингэдэг нүүрс ус агуулдаг. Тиймээс хоногт дунджаар 18-25 талхан нэгж хэрэгтэй.
Өлсөж байгаад их идвэл цусан дахь сахар гэнэт ихэсдэг
Чихрийн шижинтэй өвчтөнд эрүүл хооллолт чухал. Өвчтөнд олон төрлийн хоол хэрэгтэй. Тэр тусмаа өвчний хэв шинж II хэлбэрийн үед таргалалт, жин нэмэх асуудал адилхан зэрэгцэж явдаг тул тохирсон зөв хоол, олон төрөлтэй байх хэрэгтэй. Зөв хооллосноор цусны сахар бага байна, жин нэмэхгүй хэмжээндээ барьж чаддаг. Өөх тос холестрины түвшинг бууруулна. Артерийн даралтыг бууруулж, өвчний хожуу үеийн хүндрэлээс сэргийлж урт насална. Хооллох цагаа нарийн баримтлах нь хамгийн чухал. Өмнө нь чихрийн шижин өвчтэй хүмүүс хоолны дэглэм нарийн чанд, хатуу баримталдаг байсан. Өнөө цагт анагаах ухаан хөгжихийн хэрээр өвчтөн хоолны цэсээ чөлөөтэй сонгох болсон. Хэрэглэх хүнсний бүтээгдэхүүнээ сонгож авахдаа сахар их, бага хэмжээгээр заавал байдаг гэдгийг санаарай. Өвчтөн “Та тохируул, Та сайн хөдөлмөрлө, Та өөрийгөө сайн хяна” гэсэн гурван зарчим сайн баримтлах ёстой.